Төлөвшөөгүй залууст "төмөр бандаш" хэрэгтэй


УИХ бол Монголын төр. Харин УИХ гишүүн гэдэг бол монгол төрийн маань сүлд хийморийг түшигч, бодлого тодорхойлогч багана гэж ойлгодог.
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалт бий.
1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан болсон анхны сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Бага хурал жинхэнэ залуусын давалгааг эхлүүлж байсан гэдэг. Тухайлбал, тус хурлын гишүүдийн дотор 30 хүртэлх насны 10 гишүүн ажиллаж байсан юм. Харин 1992-1996 оны УИХ-д 25-35 насны 11 гишүүн ажиллаж байсан аж.
Ер нь УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал дээр ажиллахад тавих шалгуур, шаардлага гэж бий юу гэж бодлоо. Өнөө үед насанд хүрсэн хүн бүрийн хийж чаддаг цэвэрлэгч, угаагч, манаачийг ажилд авахдаа “дээд боловсрол” зааж авдаг болсон байхад төрийн дээд байгууллагад ажиллах хүнд бүр ч өндөр шаардлага, шалгуур тавих учиртай.
Гэтэл мэдлэг боловсрол дутмаг мөртөө намуудад хөрөнгө мөнгөө баран байж хүн бүр яагаад УИХ-д орох гэж зүтгэх болов. Үүний цаана гишүүний бүрэн эрх, түүгээр дамжуулан хүссэндээ хүрч болдог улс төрийн хуйвалдаан, далд тохиролцоо нуугдаж байдаг.
Угтаа их хуралд төрийн бодлого тодорхойлж, хууль санаачлан, хэлэлцэж батлах үндсэн үүрэгтэй шүү дээ. УИХ-д боловсрол, мэдлэг, ажил амьдралын туршлагаас гадна хувь хүнийхээ хувьд хэдийнэ төлөвшсөн, хамгийн гол нь ёс зүй маш өндөртэй хүмүүсийг шилж, сонгож томилох учиртай.
Харин одоогийн УИХ-д дадлагагүй, туршлагагүй, төрийн арга барил суугаагүй хүмүүс тогтворгүй байдлыг бий болгож байна. Манайх улс төрийн насыг Үндсэн хуульдаа хэтэрхий доогуур тогтоогоод өгчихсөн нь улс төрийн савалгааг бий болгочихсон.
Тухайлбал, Хэнтий аймгаас сонгогдсон 28 настай залуу гишүүн төрийн ордны алтан соёмбот индэр дээрээс бандаашны талаар өгүүлчихсэн. Тэрээр жирийн нэг хувь хүн бсан бол хаана хэнтэй ууж идэж, унтаж хэвтэх хувь хүний эрх. Харин УИХ гишүүн болсон цаг мөчөөс хувийн эрх, хувийн нууц нь түмнийх болно.
Түүний ард түмнээс авсан хамгийн том үүрэг бол төрийн ордонд хууль батлах болохоос энкато хотхоны саунд бусадтай наргиж явах биш, хөдөө явж иргэдтэй уулзах ч биш шүү дээ. Төрийн ордоноос хүчин, хүүхэн, бандашны тухай мэдэгдэл хийж төрийн голомтыг доромжлох ёсгүй.
Үүнээс харахад л УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг нэмэх ёстой юм. Монголчууд “Дөч хүрсэн эр, Дөрөө дарсан ат” хэмээн ярьдаг. Ийм л хүмүүс парламентад суух ёстой. Амьдралын туршлагыг их сургууль нөхөж чадахгүй. Залуу хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг улс орны эрх ашгийн төлөө гэхээс илүүтэйгээр улс төрийн амбийц хөөх нь илүүтэй байна. Тэгэхээр хуулиндаа УИХ-ын гишүүний насыг 40 , нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчидийн насны босгыг 35 насаар тогтоосон нь зөв юм. Ингэж хуульчилж төлөвшөөгүй залууст төр, "төмөр бандаш" өмсүүлэхгүй бол болохгүйнээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ