Ж.Энхбаяр: Төрийн эсрэг гэмт хэрэгтнүүдийг цэвэрлэх цаг нь болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндсэн хуулийн 43.4 дэх зэрэг заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барих гэж байна.
Түүний томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтэй байна. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа юм байна. Тийм учраас энэхүү албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардуулах болно. МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан.
Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээшгүй нь санал гаргавал УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Ерөнхий сайдыг огцруулах саналд хариу өгнө гэсэн ойлголт байхгүй. Хуулиар маш тодорхой зааж өгсөн.
Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна" гэлээ.
Мөн тэрээр "Хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэсэн. Гэтэл нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцсонгүй.
Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа. Оффшорын тухай хууль анх өргөн баригдахдаа оффшорчдыг хамгаалсан хууль болсон. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газраас энэ мэт олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа" хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй" гэв.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Сум баг, аймаг нийслэлд өвөлжилтийн бэлтгэл болон хийх ажил их байна. УИХ-ын даргатай эхлээд холбоо барина. Цаг хугацааны хувьд эргээд хариу өгнө. Бүлэг дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина. Магадгүй МАН-ын гишүүд Засгийн газрыг ард түмэн дүгнэчихлээ, бид бас дүгнэж байна гээд саналаа ирүүллээ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй.
Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна.
Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон.
Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна.
Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ