Хүүхдийн мөнгөөр хялбархан "хулхидахуй"


Хүүхэд бүр хүний амьдралын баяр баясал, гэрэл гэгээ. Хүүхэд бол эх орны ирээдүй. Хүүхэд бол бидний үргэлжлэл хэмээн урнаар донгоддог “томчууд”-аар засаг төр минь дүүрчээ. Учир юу гэвэл сонгууль болмогц ард түмнээр нааддаг ганц шоу нь “хүүхдийн мөнгө” болчихож.
Анх хүүхэд бүрт мөнгө олгох санааг АН-ынхан гаргаж, улмаар УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч байлаа. МАН ч 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Гэтэл тэд олонхи болмогцоо бодит байдал дээр санхүүжилтгүй болсон, мөн ОУВС-гийн шаардлага дор Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгтээ буюу нийт хүүхдийн 40 хувьд олгож эхэлсэн. Энэ үед ард түмэн эхэндээ эсэргүүцэж ч эвлэрсэн.
Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохоо зогсоох үедээ "Хавтгайрсан халамжийг цэгцэлж, нийгмийн тодорхой хэсэгт чиглэсэн үр дүнтэй халамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ" хэмээн тайлбарласан. Үнэхээр ч манай улсын халамжийн бодлого хэт хавтгайрч, замбараагүй, хяналтгүй болсон нь үнэн. Сүүлд Олон улсын вальютын сангийн хөтөлбөрт хамрагдахад хавтгайрсан халамжийг танахыг үүрэгдсэн.
Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Одоогоор эдийн засаг 4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой учир бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Иймд давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэж мэдэгдсэн.Үүгээрээ ч хүүхэд бүрт мөнгийг нь нөхөн олгосон. Гэтэл одоо нам жиг, таг дугай.
Хүүхдийн мөнгөний олголт, түүнийг дагаж мөрдөх хууль, журамтай холбоотойгоор сүүлийн тавхан жилийн дотор таван ч томоохон тогтоол шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас баталжээ. Батлагдсан тогтоол шийдвэрүүдийн цаг хугацааны циклийг хараад үзэхэд засаг солигдох, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь хамгийн “ой гутам”. Засаг солигдох бүрт түүнийг дагасан бодлогын баримт бичиг өөрчлөгддөг нь өдгөө иргэдийг Монголынхоо төрд итгэх итгэлийг нь мохоосон.
Улстөрчид нэгэн цагт "зөв" хэмээн үзэж гаргасан шийдвэрээ хэдхэн сарын дараа буруу гэдгийг ойлгохгүй нь. "Хүүхдийн мөнгө" гэдэг зөвхөн хэдэн төгрөг олгох асуудал биш. Монголын нийгмийн амьдрал, ирээдүйтэй холбоотой асуудал. Улайрсан улстөрчдийн ийм тохуурхлын хариуг улсын минь иргэд мөдхөн барина шүү !
Г.Хулан
.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ