АТГ: У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон

АТГ-аас яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэргийн шалгалтын ажиллагаа юу болж буй талаар мэдээлэв.

Тодруулбал, АТГ-аас Шадар сайд У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон тул яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн гэлээ.

Улмаар энэ хэрэгт холбогдуулан 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэднээс Ч.Батболд нарын дөрвийг нь яллагдагчаар татаж, цагдан хорьжээ. Үлдсэн тавыг нь гадуур байцааж буй гэнэ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ