ТЕГ, АТГ бодит үнэнийг мушгин гуйвуулж байна гэв

Өнөөдөр АТГ-аас Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдож яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шадар сайд У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол хүсэлт гаргасан байдаг. Гэтэл гомдол гаргаснаас хойшхи сарын хугацаанд мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхгүй, ямар нэг ажиллагаа хийхгүй удсан.

ТЕГ, АТГ сарын хугацаанд энэ хэргийн дагуу ямар ч дорвитой алхам хийгээгүй атлаа өнөөдөр ийм мэдээлэл хийж буй нь илтэд нэг талыг барьсан улс төрийн зорилготой, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна. Хэргийн гэрч, оролцогч болох иргэн н.Батболд болон холбогдох гэрчийн этгээдүүд хууль хяналтын байгууллагад хандан бодит үнэнийг хүлээн зөвшөөрч нотолсоор байсан. Гэтэл хууль хяналтын байгууллага үнэнийг олон нийтэд мэдээлээгүй юм.

АТГ, ТЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын гаргаж буй энэхүү үйлдэл нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ улс төрийн зорилгоор хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж буй нь үүгээр нотлогдож байна. Удахгүй Шадар сайд У.Хүрэлсүх болон түүний өмгөөлөгч нар бодит байдлыг өөрийн биеэр тогтмол олон нийтэд мэдээлнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ