МАН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэе.

Улс төрийн тогоонд болж өнгөрсөн онцлох үйл явдал бол шадар сайд У.Хүрэлсүх албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн явдал байлаа. Тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр “М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье” гэсэн байр суурь илэрхийлээд байсан.

Харин баасан гаригт АТГ-аас У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, чагнах ажиллагааг зориуд зохион байгуулсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татсан гэж мэдээлэв. Уг мэдээллийн дараа шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Хууль, хүчний байгууллагууд хэт нэг талд ажиллаж, үнэнийг мушгин гуйвуулж байгаад харамсаж байна. Удахгүй энэ асуудлаар У.Хүрэлсүх өөрийн биеэр мэдээлэл хийнэ” гэж мэдэгдсэн юм.

МАН доторх энэ хөл толгойгоо алдсан байдал жирийн гишүүдэд нь халдварлаж, Тусгаар тогтнолын ордны гадаа улаан малгайтнуудын тайван жагсаал хүртэл өрнөв.

Нэр бүхий 30 гишүүн огцруулах бичиг өргөн барив

Мөн УИХ-д 65 суудалтай эрх баригч намын бүлгийн нэр бүхий 30 гишүүн “мэргэжлийн” засгийн газраа огцруулах үндэслэлийг өнгөрөгч долоо хоногт өргөн барив. Огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболд байхгүй тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан юм. Ингэж үнэмлэхүй олонхийн бүлгийн гишүүдийн төлөөлөл УИХ-д ердөө 9 суудал авсан АН-ынбүлгийн гишүүнд засаг огцруулах бичгээ барьсан хачирхалтай үзэгдэл болж өнгөрлөө.Үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, засаг огцруулах асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулахаар Л.Болд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулав.

Холбогдох хуулийнхаа дагуу огцруулах бичиг өргөн баригдсан тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Нийт 15 гишүүнтэй тус байнгын хороонд АН-ын бүлгийнгурван гишүүн, огцруулах бичигт гарын үсэг зурсан дөрвөн гишүүн байна.

Мөн МАН-ы Удирдах зөвлөлөөс ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, бүх шатны намын байгууллагуудад даалгасан билээ.

“Бандааж” Гантулгыг шалгаж эхлэв

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэлээр мэдээлсэн. Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянажээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлсэн байна.

Азтай хоёр настангууд цэцэрлэгт оров

Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд Нийслэлийн төрийн өмчит улсын цэцэрлэгүүдэд хоёр настай хүүхдүүдийг цахимаар сонгон шалгаруулах элсэлт явагдав. Мөн өдрийн 14 цагт цэцэрлэгүүд таван настай хүүхдүүдийн бүртгэлийг албан ёсоор зохион байгуулсан юм.

Эцэг эхчүүдийн утсанд “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсон (эсвэл сонгогдоогүй) тул хүрэлцэн ирж бүртгэлээ баталгаажуулна уу гэсэн хариу анх бүртгүүлсэн нь дугаарт ирүүлжээ.

Энэ үеэр цахимаар бүртгүүлсэн эцэг эхчүүд өөрсдийн утсанд ирсэн хариу мессэжийг цэцэрлэгийн зүгээс үүдэнд тэнцсэн хүүхдүүдийн мэдээлэлтэй тулган шалгасан байна.

“Таны хүүхэд тэнцсэн” гэсэн азтай бөгөөд баярт мэдээ хүлээн авсан эцэг эхчүүд бүртгэлээ баталгаажуулахаар хүүхдийнхээ хоёр хувь цээж зураг, өөрсдийн иргэний үнэмлэх (хуулбарын хамт), хүүхдийн төрсний гэрчилгээ (хуулбарын хамт)-г аваачин, албан ёсоор бүртгүүлж байлаа. Сонгон шалгаруулалтад азаар тэнцсэн хүүхдүүд бүрдүүлэх бичиг баримтынхаа хуулбарыг тухайн цэцэрлэгтээ үлдээх шаардлагатай аж.

Мөн багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос багш нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс "Багшийн ур чадварын асуудлыг хэлэхэд Монголын бүх багш нар өндөр ур чадвартай. Багшийг хөгжүүлэх олон бодлого сайн хэрэгжиж байгаа. Өндөр мэдлэг ур чадвартай байгаад цалин нь хүрэлцэхгүй бол багш нар ар гэр, амьдрал руугаа анхаарлаа хандуулна.

БНСУ руу явж ажиллаж байгаа асуудал байна. Таван сая төгрөгний барьцаа төлөхгүйгээр нийгмийн даатгалаа барьцаалж БНСУ руу явж байгаа. Мөн харлаж байгаа асуудал маш их байна. Бид ажил хаяна гэж зарлаагүй. Тэмцлийн хэлбэрийг сонгоно. Есдүгээр сарын 1-нд хичээлээ заана. Энэ бол эрдмийн баяр, хүүхдүүд баяр хөөртэй байх ёстой.Бид есдүгээр сарын 1-нээс цуглаан хийнэ. Тиймээс үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргээч гэсэн гол шаардлага тавьж байгаа" гэв.

Харьцангуй тайван өдрүүд

Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт АНУ болон БНАСАУ хоорондын харилцаа харьцангуй намжмал, тайван байдалтай өнгөрлөө.

Харин АНУ-ын Массачусетс мужын эмнэлгийн ажилтан эмэгтэй Мэвис Ванчик АНУ-ын түүхэн дэх хамгийн том сугалааг хожжээ. Сугалааны нэрлэсэн хонжвор нь 758,7 сая доллар аж. Тэрээр нэг дор 480 сая ам.доллараас татвар төлсний дараа 336 сая ам.долларын хэмжээтэй мөнгө авахыг илүүд үзсэн байна.

Мөн онцлох томоохон нэгэн үйл явдал бол Өмнөд Солонгосын шүүх Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнд тус улсын экс ерөнхийлөгчид авлига өгөхийг завдсан хэрэгт буруутган таван жил шоронд хорих ял оноолоо. Түүнийг гадаадад хөрөнгө нуусан, гэмт үйлдлээс ашиг олсон гэж буруутгажээ. 49 настай Ли Жэ Ёнд прокуророос анх 12 жилийн ял төлөвлөсөн байсан бөгөөд шүүх таван жил болгож бууруулсан байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ