Европчууд ганцаараа амьдрахыг илүүд үздэг

Баруун Европт, ялангуяа Герман, Франц, Их Британи болон Шведэд настай хүмүүс ганцаараа амьдрах хандлага газар авчээ.

Шведэд гэхэд бүх эзэмшил байрны 47 орчим хувь нь ердөө ганц бие оршин суугчтай байдаг байна. Стокгольм хотод энэ тоо 60 хувьд хүрч байгаа бөгөөд үүнээс болоод тус хот дэлхийн ганц бие хүмүүсийн нийслэл хэмээн нэрлэгдэх болжээ. 1950 онд АНУ-д ганцаараа амьдардаг хүн 4 сая байсан бол, одоо хэдийнэ 31 сая болоод байна.

Нью-Йоркийн их сургуулийн социологийн профессор Эрик Клиненберг "Яагаад ийм олон хүн ганцаар аж төрөх ёсыг сонгож байгаа вэ гэхээр энэ нь өөрийнхөө юу чаддагийг харуулах том боломж олгох бөгөөд хүмүүс өөрийн хүссэнийг хийж чадаж байна" хэмээн үзжээ. Ганцаардал нь одоо бол өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй хүмүүсийн тавилан хэмээн тооцогдохоо больж байна.

Харин ч энэ нь элитийн шинжтэй болж атаархал төрүүлж байгаа аж. Клиненберг судалгааныхаа явцад харж хандах шаардлагатай настай хүмүүс бие даан амьдрах эрхээ сүрхий хамгаалж байсантай нэг бус удаа таарч байжээ. Тэд хамаатан садныдаа нүүж очих эсвэл тав тухтай асрамжийн газар бараадахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь өөрсдийнх нь хувийн эрх чөлөөг хязгаарлана хэмээн үздэг байна.

Охинтойгоо хамт амьдрахаас эрс татгалзаж, тэр намайг халамжилж залхаана хэмээн үздэг Нью-Йоркийн 90 настай эмээг профессор жишээ болгон дурджээ.

Хөгжингүй орнуудад хүмүүс хангалттай чинээлэг болж төрөл төрөгсдөөсөө хамааралгүйгээр тусдаа аж төрөх боломжтой болж буй юм.

Швед улс бие биетэйгээ харьцаж болох ганц бие хүмүүст зориулсан байрны цогцолборын зураг төсөл зохиож эхлэсэн дэлхийн анхны орон болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ