Хуучин автобусаар парк шинэчлэхийг эсэргүүцэв


Нийтийн тээвэрчид гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны золиос болж байгаа талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, "Бичил аян" эздийн хоршооны тээвэрчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо"-ны дарга Г.Баатар "Бид хувийнхаа хөрөнгөөр ажлын байр бий болгож, төрийн ажлыг үүрэлцэж ирсэнийхээ төлөө эрх мэдэлтнүүдийн золиос болж байна.
Сонгуулийн амлалтаа биелүүлж хотын нийтийн тээврийн парк шинэчлэлд Монгол Улсад үйлдвэрлэсэн 2 дахь шатны таван ширхэг дунд болон том оврын автобусыг нэн яаралтай шугаманд явуулахыг шаардаж байна.Торгууль нэрээр өрийн дарамтанд оруулж, зөрчил гаргасан гэж жолоочийн оноо хасаж давхардсан арга хэмжээ авч байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Хариуг есдүгээр сарын 1-ний дотор хариу өгөхийг шаардаж байна. Өгөөгүй тохиолдолд тэмцлийн шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдэж байна" гэв.
"Бичил аян" эздийн хоршооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар "Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинчлэл нь үе үеийн засгийн газрын бодлогын золиос болж, гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны анхаарлын төвд байдаг.
Жишээ нь С.Баяр Ерөнхий сайд байхдаа "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан” байгуулан БНСУ-аас одоо шугамд явж байгаа 400 DAEWOO маркийн автобусыг Монголын нөхцөлд тохируулан өөрчлөх нэрээр үнийг нь өсгөж нэг бүрийн 80 сая төгрөг нийт 34 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хийгдсэн боловч нэг ч эргэн төлөлт хийгдээгүйн улмаас парк шинэчлэлийн ажил зогссон.Одоо хотын удирдлагууд, Солонгос улсдаа ашиглалтын хугацаа дууссан хуучин утаатай автобусаар парк шинэчлэх тухай яригдаж байгаа асуудлыг бид эрс эсэргүүцэж энэ үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна.
Хотын нийтийн тээврийн өдрийн орлого 4 тэрбум төгрөг болсон гэж саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. Энэ их мөнгө хаашаа явж юунд зарцуулагдаж байна вэ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ