Хүүхэд амиа хорлохын эсрэг томчууд бид юу хийх ёстой вэ?

Өнөөдөр бидний мэдэхгүй, мэдсэн ч гайхахаас хэтэрдэггүй амиа хорлолт гэх энэ аймшигт сэтгэцийн эмгэгийг тээсэн хэдэн хүүхэд байгаа бол... Ийн бодол тээсэн тэдгээр хүүхдүүдэд бурууг тохох нь өрөөсгөл. Гагцхүү энэ нийгмийн, элдэвтэй эцэг эхийн, эргэцүүлж анхаарал хандуулдаггүй энэ тогтолцооны буруу.

12-19 насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж тодорхойлдог. Энэ үед хүүхдүүдийн бие хүн болж төлөвших суурь нь тавигддаг юм. Мөн энэ насан дээрээ хүүхдэд бие физиологийн болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болж өөрийгөө том хүн болсон мэтээр мэдэрдэг. Басхүү тэд өөрсдийгөө анги хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурьтай гэдгээ нотолж харуулах хэрэгцээ гардаг байна. Сэтгэл зүйн хувьд аливаа муу зуршил, буруу зүйлд уруу татагдаж, асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэх, сэтгэлийн хөөрлөө барьж дийлэхгүй байх зэрэг хандлагатай байдаг. Үүнээс үүдэн гэмт хэрэгт татагдан түүний хохирогч болох, бие махбодид гарч буй өөрчлөлт, өвчин зовиураа үзүүлэхээс ичиж зовох, мансууруулах болон архи тамхины хэрэглээг туршиж үзэх, улмаар донтох, хүчирхийлэл, хүний наймааны золиос болох зэрэг маш олон асуудлууд дунд өсвөр насны хүүхэд амьдарч буй юм.

Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд

Монгол улсын хэмжээнд сүүлийн 12 сарын хугацаанд 13-15 насны өсвөр үеийнхний 20 гаруй хувь нь наад зах нь нэг удаа амиа хорлох тухай бодож, 9 хувь нь завдсан судалгаа гарчээ. НҮБ-ийн хүүхдийн сангийн өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болормаагийн мэдээлснээр өсвөр үеийнхэнд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, улсын хэмжээнд зайлшгүй авч үзэх нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг анхааруулав.

Мөн НЦГ-аас газраас насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүдийн эрх ашиг хохирсон, гэмт хэргийн нөхцөл байдлын тоог сүүлийн гурван жилийн байдлаар гаргахад 2014 онд 969, 2015 онд 908, 2016 оны эхний дөрвөн сард 262 хүүхэд тус тус хохирсон байна.Харин бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн судалгаанаас харахад өсвөр насны хүүхдийн амиа хорлох асуудал багагүй хувийг эзлэж байгаа аж. Ийнхүү хэргийн судалгааг сүүлийн гурван жилийн байдлаар гаргахад:

  • 2014 оны эхний 4 сард 26 гэмт хэрэг
  • 2015 оны эхний 4 сард 18 гэмт хэрэг
  • 2016 оны эхний 4 сард 11 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Өсвөр насны хүүхдийг амиа хорлоход хамгийн эхэнд гэр бүлийн орчин, найз нөхөд мөн шашны урсгал, хайр сэтгэл үерхэл нөхөрлөл, үхэл хагацал, амьдралын гэнэтийн сүйрэл, анги сургуулийн орчин, мансууруулах бодис, ганцаардал, хүмүүжлийн доголдол, цахим хэрэгслүүд нөлөөлдөг байна. Үүнээс харахад гэр бүлийн таагүй орчин, хэрүүл маргаан, дарамт, айдас, хүчирхийлэл нь хамгийн ихээр хүүхдийг сэтгэцийн гүн хямралд оруулж улмаар амиа хорлоход хүргэдэг аж.

Саяхан гэхэд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин 9 давхар байшингийн дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ийм төрлийн хэргийг мэдээлэхгүй байхыг сануулсан юм.

Өсвөр үеийнхний амиа хорлолтоос сэргийлж дараах арга, хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тухайлбал,

  • Амьд явах эрхээ хязгаарлан амиа егүүтгэж буй хүмүүсийн шалтгаан нөхцлийг сайтар судалж, түүнээс сэргийлэх талаар олон улсын жишиг туршлагыг нэвтрүүлэх
  • Шүүх эрх мэдэл болон хууль сахиулах, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах
  • Нийгэмд иргэдийн дунд стресс, сэтгэл гутралын тандалтыг явуулж,сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх “Сэтгэл зүйн төв”-ийг нээж ажиллуулах
  • Төрийн зүгээс нийгмийн хөгжлийн түвшин, хүн амын эдийн засгийн амьжиргаа, нийгмийн халамжийн талаар баримталх бодлого, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах
  • Эмнэлгийн үйлчилгээ мэдээлэл өгөх хүртээмжийг сайжруулах
  • Эцэг эхчүүд анхаарал, халамж, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх
  • ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хүүхдэд зориулсан сэтгэл зүйн хичээлийг орж, сэтгэл зүйчийг ажиллуулах
  • Хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх талаар төр засгаас анхаарч хүүхдийн ордон, спорт цогцолборуудыг шинээр байгуулах

Ийнхүү өсвөр насныхан сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сайн, эсвэл сэтгэцийн эрүү мэндийн асуудлаар зохих тусламж дэмжлэг авч чадсанаар сургуульдаа илүү амжилттай суралцаж, найз нөхөд гэр бүлийнхээ дунд амар тайван, жаргалтай байж улмаар нийгэмдээ үр бүтээлтэй хувь хүн болж чадна. Үүний тулд насанд хүрсэн хүн бүр, тэрчлэн эцэг эхчүүд илүү бүтээлчээр, сэтгэлээсээ хандвал таны, бидний хүүхдэд юутай ч харьцуулшгүй их хөрөнгө оруулалт болох юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ