Улс төрийн "меню" -д Засгийн газрын "засаа" багтсан уу ?

Азарганы засаа идэж, айраг цагаа эргүүлж, морь уралдуулах хоббитой Монголын улс төрчдийн хор найруулах чадварыг Монголчуудаас өөр ард түмэн үл ойлгоно. Учир нь тэдгээр улс орнуудын олонхи нь аль хэдийнэ ийм хачин балай үеэ туулж одоо соёлт хүн төрөлхтөний ёс зүйтэй улс төр хийж, шударга тоглоомын дүрмээр тоглодог болсон.
Манайд харин бичлэг хийж, бие биеэ тагнаж чагнах, хулгай, казино, хүчин гээд хулхидах нь энүүхэнд зэрлэг улс төрийн зэрэмдэг бүхнийг улс төрчид нь гардан зохион байгуулж ,төрийн эрх мэдлийг худалдаж авахаар завдахаас эхлээд хар хорын ад шүглэсэн улс төр нэгэнт нүүрлэжээ.
Жаран тэрбумын улс төр яван явсаар Монгол Улсын Ерөнхий сайд , Шадар сайдын ил далд тэмцэлтэй нийлж ,улмаар Засгийн газраа огцруулах дээрээ ирж,ОУВС-ийн өмнө онц муу дүн аваад ч зогсохгүй өр зээлээ бие биедээ нааж амь амиа бодох арчаагүй дүр төрх нэгэнт ил боллоо. Ямар ч атугай ойрын амь аргацаасан улс төрийн “меню”-д намын бүлгийн хурлууд, төрийн байгуулалтын байнгын хорооны хурал, тэр ч бүү хэл ээлжит бус чуулган багтсан байгаа тухай МАН-ын бүлгийн дарга Д.ХаянхярвааУИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны дараа дуулгалаа. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Шадар сайд Ерөнхий сайд хоёроос тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ гэдгийг тэр бас хэлсэн юм.
Үнэхээр ч манай улс төрийн зарим нэг асуудлууд хирээс хэтэрч улс орны аюулгүй байдлын хэмжээнд ярилцах зүйлүүд ч гарч байгаа бололтой. Улс төрчдийн хувьд хамгийн амттай зууш бол төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болон ээлжит бус чуулган гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Яг энэ хурлууд дээр л Засгийн газраа огцруулах эсэх тухай шийдвэр гарна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хурдан морины хүүхэд аятай цовоо цолгиун дуугарч байгаагаас ажвал ямар нэгэн гарц олсон бололтой юм. Ээлжит бус чуулганаас зарим улс төрчид ихэд цэрвэж байгаа бол зарим нь хязгааргүй ихээр шунан тачаадаж хүсэмжилж байгаа нь ойлгомжтой.
Улс төрийн энэ удаагийн “меню”-д Засгийн газрын “засаа” л хамгийн амттай зууш байж таарна.Тиймээ засгийн газраа засаж төвхнүүлэх тухай л хэлж байна. Уул нь хариуцлагын тухай асуудал боловч манай дарга нарт албан тушаал гэдэг амь дүйсэн ажил гэдгийг иргэд бид хэдийнэ ойлгохтойгоо болж дээ.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ