Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа

Хотын дарга С.Батболд НЗДТГ-ын А зааланд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийж байна. Уулзалтын эхэнд зүүн эргэхтэй холбоотой зохицуулалтын асуудлыг хөндлөө.

Хотын дарга С.Батболд "Өнгөрсөн хугацаанд авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд туршиж үзсэн зүүн эргэхийг хориглосон асуудал.

Мэдээж дэлхийн хотуудын туршлага бий. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу 7 уулзварыг чөлөөлсөн зохицуулалт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж байна. Тиймээс Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлэн хэвийн хөдөлгөөнд оруулах чиглэл өгч байна.

Иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналыг сонсох ёстой. Олон нийт энэ өөрчлөлт үр дүн багатай байна гэсэн үнэлэлт өгч байна. Хотын дарга зүүн эргэхтэй холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй байсан" гэв.

Энэ үеэр төрийн албан хаагчид албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэж өгдгөө зогсоох хэрэгтэй гэж хотын дарга үүрэгдэв. Мөн есдүгээр сард замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим их, дээд сургуулиудыг нүүлгэх тухай хөндлөө. Үүнийг санал болгоод зогсохгүй, их, дээд сургуулиудын захирлуудтай уулзаж, ярилцахаар төлөвлөж буй гэнэ.

Сургуулийн автобусны асуудлыг цэгцлэх шаардлагатайг Хотын дарга онцлоод, хотын түгжрэлийг зогсолтгүй бууруулах ажлыг Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнд даалгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ