Ээлжит бус хуралдаан зарлахыг шаардав

НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаарх өргөх бичгийг энэ сарын 17-ны өдөр хүргүүлсэн.

Холбогдох хуулийнхаа дагуу өнөөдөр Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч тов зарлагдахгүй байгаа тул НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий төлөөлөгчид хэвлэлийнхэнд хандлаа.

Мэдээллийн эхэнд НИТХ-ын ээлжит бус хуралдааныг есдүгээр сарын 7-нд товлон хуралдуулахыг шаардаж, НИТХ-ын 17 төлөөлөгч гарын үсэг зураад байгааг онцолсон юм.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан, НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сараас хойш хуралдаагүй. Цаг үеийн ямар ч нөхцөлд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой. Нийслэлийн иргэдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд цаг алдах ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууддаа дүгнэлт хийх шаардлагатай байна.

Өнөөдөр нийслэлд хоёр ч газар малын гоц халдварт өвчин гарч, хорио тогтоочихоод байна. Хичээлийн шинэ жил эхэлж байхад хорио тогтоосон бүсийн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг хэрхэн шийдвэрлэх вэ? Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа, одоо шийдвэрлэвэл зохих ямар ажил байна гээд НИТХ-ын төлөөлөгчид хуралдах зайлшгүй шаардлагуудыг хэлээд байвал олон зүйл бий. Тиймээс ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг бид дахин дахин шаардаж байна” гэж тодотгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ