Б.Мөнгөнчимэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ


Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа.
О.Ууганбаатар хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн аварга, ОХУ-ын жүдоч Хасан Халмурзаевт ялагдал хүлээв. Манай тамирчин вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч дараалан хоёр вазари үнэлгээ алдсанаар ДАШТ-ий медалийн тавцанд гарах боломжгүй боллоо.
Унгарын Дэлхийн аваргын татамигаас Монголын жүдочид ээлжит медалиа хүртлээ. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын жүдоч Ян Жуньсяг барилдааны хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон юм. Улмаар торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадрос ялж, медалийн төлөө өмнөд хөршийн тамирчныг буулган авлаа.
Монголын жүдочид ийнхүү өнөө жилийн ДАШТ-ээс тав дахь медалиа хүртэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ