Эрдмийн их өргөөний эзэд нь ирлээ

Алтан навч хийслээ дээАяны шувуу буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа

Энэ өдөр орны өнцөг булан бүрийн эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. Сэтгэлд цаанаа л ойр байдаг энэ өдөр бяцхан хүүхдүүд сургуульдаа очих гэж, арай том ангийнхан нь найзуудаа харах гэж, ахлах ангийнхан нь сэтгэлдээ сэмхэн тээх нэгэнтэйгээ уулзах гэж догдолно.
Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус эрдмийн өргөөндөө ирлээ. Аав, ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд ч тэдний дунд бий. Цэцэрлэгийнхээ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх тэд өөрсдөө ч бас өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших ийм л дүр зураг өртөөлнө. Тэдгээр хүүхдүүд маань бяцхан гартаа цэцэг барьчихаад ангийнхаа багшийг гэнэн томоогүй харцаар эрж хайна. “Май багшаа” гээд л нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан цэцгээ өгөх хүүхдүүд сая сэтгэл нь амрах аж.

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136 төрийн бус өмчийн 105 сургуульд бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427 нийт 249593 хүүхэд суралцахаар бүртгэгдээд байгаа аж. Төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 буюу нийт 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдаж нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 77.6 хувьтай байна.

Сургууль цэцэрлэгийн засварыг ч цаг хугацаанд нь хийдэг болсон, нийслэлд, хөдөөд ч ялгаагүй зохих хэмжээнд сургууль шинээр баригдах өргөтгөл засвар хийгдсэн гээд чамлахааргүй амжилттай шүү.

Мөн зохих хэмжээнд жилдээ цөөн боловч сургуулийг хотын захын гэр хорооллууд, алслагдсан хэсэгт барьж ашиглалтад оруулж байгаа. Ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутнууд ширээ сандал нь гялалзсан шил цонх нь гэрэлтсэн хичээлийн танхимдаа орно. Их эрдмийн өргөөний эзэд нь ирлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ