Г.Баасан: А.Ганбаатар сейфэндээ байнга буутай байдаг

-Та Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэхОлон нийтийн зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ажил юунаас эхлэх вэ?
-АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл гэж бий. Орон тооны бус. 10 жилийн өмнө энэ зөвлөл анх байгуулагдаж байсан. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр байсан. Түүний 2007 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 195 дугаар зарлиг гаргаж, ажиллах журмыг нь баталж өгч байсан. Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйл дээр Олон нийтийн зөвлөлийг зохицуулсан заалт бий. Дараа нь 2009 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 120 дугаар зарлигаа гаргаж, тухайн үеийн зөвлөл нь ажиллаж байсан. Энэ зарлиг гараад удаагүй 20 хоногийн дараа дахин 143 дүгээр зарлигийг гаргасан. Олон нийтийн зөвлөлийг АТГ гэдэг бол ард түмний татварын мөнгө, төрийн эрх мэдэл шударгаар явж байна уу?, тэнд ямар нэгэн авлигын асуудал байх вий гэдгийг тогтмол хянадаг манаач. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй манаач. Олон нийтийн зөвлөл нь ард нийтийн нэрийн өмнөөс ажиллаж буй манаачийн манаач. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит захирамж наймдугаар сарын 28-ны өдөр гарч, 15 хүнийг энэ удаагийн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд томилсон. Өнгөрсөн мягмар гаригтманай зөвлөл анхны хурлаа хийж, надад өндөр итгэл хүлээлгэн даргаар сонголоо.
-Захирамжийг танилцуулахдаа хийх ажлын журмыг шинэчлэх үүргийг АТГ-т өгсөн байсан?
-Төрийн ажил ил тод, шударга, хараат бус явахыг л ард түмэн хүсдэг. Гэхдээ ингэж ажиллах эрх зүйн зохицуулалтаа хийсэн байх ёстой. Олон нийтийн зөвлөл бол иргэдийн өмнөөс манаачийн манаачаар ажиллаж буй учраас их сайн захирамж, журамтай байх. Гэтэл анх батлагдсан эрх зүйн зохицуулалтаас Олон нийтийн зөвлөл АТГ-ын ажлыг хянах заалтыг хүчингүй болгож, зөвлөмж өгөх болгон өөрчилсөн байна. Ажиллах эрчийг сулруулжээ. Буруу, алдаатай байна гээд хянах ёстой ажлыг тэгж болохгүй юу, ингэх хэрэгтэй биш үү гэж зөвлөмж өгдөг болгожээ.
Дараагийн нэг зүйл нь Олон нийтийн зөвлөл дотроо гурван дэд зөвлөл ажилладаг. Нэг нь Хүний эрхийн дэд зөвлөл. Хүн гэдэг бол эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээдэг ийм субъект. Гэтэл хамгийн хэрэгтэй хүний эрхийн дэд зөвлөлтэй холбоотой заалтыг нь хүчингүй болгожээ. АТГ-ын төсөв хөрөнгө нь зөв байна уу?, хүний нөөц бүтэц нь зөв үү?, хараат бусаар ил тод, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилладаг уу?, АТГ-т иргэдийн гаргасан өргөдөл, гомдол, санал,шүүмжлэл яаж шийдвэрлэгдсэн бэ гэдэгтэй танилцах. Хэрэгсхгүй болгож хаасан хэргийг зөв шийдсэн эсэхтэй танилцах, хянах гээд хүний эрхийг хангадаг заалтуудыг бүгдийг хүчингүй болгосон байна. Олон нийтийн зөвлөл гэдэг бол ард түмний нэрийн өмнөөс цалин хөлсгүй ажилладаг алба. Цаг хугацаагаа нийтийн төлөө зарцуулна гэсэн үг.
-Г.Баасан бялуу хүртэж байна гэж харах хүн байна?
-Намайг сайхан хоол унд идэж, тансаглаж, өндөр цалин авч байна гэж хардаг хүмүүс бий. Тийм биш. Энэ 15 хүн бол нийтийн төлөө эх орны авлигагүй байлгахын төлөө ажиллана. Авлига бол хөгжил дэвшлийн эсрэг зогсдог хорт хавдар. Энэ хавдрын эсрэг л бидний 15 хүн алтан цагаа урсгана.
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл тус байгууллагад зөвлөмж хүргүүлэх бус ажлаа хэрхэн хийснийг хянадаг болж өөрчлөгдөнө гэсэн үг үү?
-Олон нийтийн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг ажил хэрэг болгох нь бидний үүрэг. Үүргээ хүлээж ажиллахын тулд бидний ажиллах журам шинэчлэгдэх шаардлагатай байна. Ингэхдээ Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөртэй нийцүүлж, журмаа шинэчлэн батална.
-АТГ-ыг хянах шаардлагатай юу? Тэд ажлаа хийж чадаж байна уу?
-Хянахгүй бол үйл ажиллагаа нь шударга явахгүй байна. Ирэх мягмар гаригт АТГ-ын дарга, удирдлага биднийг хүлээж авч уулзана гэсэн. Түүний дараа ажлаа хэрхэн хийж буйтай бид бодитой дэлгэрэнгүй танилцана. АТГ, түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөл ч хараат байх ёстой.
-Ерөнхийлөгч өөрт ойрхон байсан хүмүүстээ цалинтай, цалингүй албан тушаал амлаж байх шиг. Тухайлбал, танай багт түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар багтжээ?
-Ойр байна гэдгийг ямар утгаар хэлж буйг би мэдэхгүй. Би ямар ч намын гишүүн биш. Д.Пүрэвбаатар гэдэг хүн бол хуульч, танина. Гэхдээ тэр хүнтэй тоотой хэд л уулздаг. Ц.Оюунгэрэл бол ард түмнээ төлөөлж, УИХ-д сууж байсан хүний хувьд хүн болгонтой ойр байх үүрэгтэй. Гэхдээ би Ц.Оюунгэрэлтэй тийм ч ойрхон байдаггүй. Харин өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Г.Доржзодовыг цагдаагийнхан хамгаалалтдаа авах нэрээр баривчлах гэж байсан үеэс бид дотноссон. Монголчууд гуравхан саяулаа байж бие биетэйгээ маш ойрхон нягт холбоотой байж гэмээнэ улсаа авч явна. Биесээсээ хол, үзэн ядаж, намаар талцаж байвал хол явахгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгыг би ямагт дэмжиж явдаг. Энэ хүн ч гэсэн миний ажлыг дэмждэг. Гэхдээ бидний хамтын ажиллагаа улс эх орноосоо урвах, нийтийг хохироох чигт байдаггүй. Дандаа улсын хөгжил, нийгмийн сайн сайхан, хүний эрхийг дээдлэхийн төлөө үзэл санаагаа нэгтгэж, бие биедээ тус дэм болж ажилладаг.
-Та хоёрын харилцаа МоАХ хөдөлгөөнөөс эхтэй байх аа?
-МоАХ гэдэг бол ард түмний хөдөлгөөн. Мөн МоАХ өөрөө ардчилсан үзэл санааны галыг асаасан учраас тэр ардчилсан гэсэн санааг хэн хөгжүүлж, дэмжиж өргөжүүлж байна түүнтэй ямагт хамт явах ийм л хөдөлгөөн.
-Би танаас түрүүн АТГ ажлаа хийж чадсан уу гэж асуусан. Яагаад ийм асуулт тавих болов оо гэвэл та бол төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг ил гаргасан иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий удаашраад байна уу?
-Энэ бол авлигын хэрэг биш. Төрийн эрхийг хууль бусаар авсан, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн төрийн эсрэг гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 19.2 зүйл заалтад хамаарна. Үүнийг замхруулж цаг хугацааг хожихын тулд Эрүүгийн хуулийн 22.4.5 буюу хахууль авах гэсэн заалтаар эрүү үүсгэсэн. Энэ бол буруу. Прокурор ил тод буй хэргийг албаар өөр хэрэг рүү оруулж цаг алдан ард түмнээр тоглоом хийж байна. Би үүнийг хууль зүйн ухааны магистр хүний хувьд хэлье. Иргэн Г.Баасангийн хувьд биш шүү.
АТГ ажиллаж чадахгүй байгааг одоогийн нийгэм бол бүрэн дүүрэн харуулж байна. Ард түмэн надтай дуу хоолой нэг байгаа. Цаашид энэ байгууллага ажлаа маш сайн хийдэг байхын төлөө одоо өөрийгөө би зориулна. АТГ ажлаа хийж чадаж буй эсэхийг харуулсан ганцхан жишээ хэлье. Шадар сайд У.Хүрэлсүхийг АТГ яллагдагчаар татах санал гаргасан нь энэ байгууллага шударгаар ажиллаж чадахгүй байгааг тодоор шууд харуулсан. Тэр хүн яагаад өөрөө өөрийгаа тагнана гэж. Хэрэв тагнасан гэж тооцсон бол яагаад энэ хэргийг АТГ шалгах ёстой гэж. Хуулийнхаа хүрээнд Тагнуулийн ерөнхий газар /ТЕГ/-ын хийх чиг үүргийн ажил.
-УИХ-ын дарга М.Энхболд нарын холбогдсон 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалт хэр ахицтай явна. Г.Доржзодовоос хуулийнхан хэзээ хамгийн сүүлд мэдүүлэг, тайлбар авав?
-Хамгийн сүүлд наймдугаар сарын 24-ний өдөр Г.Доржзодов мэдүүлэг өгсөн. Анх 90 минутын бичлэг гэж байсан нь үндсэндээ 162 минутынх болсон. Үүнээс тусдаа дахин 40, таван минутын бичлэгүүд гарч ирсэн. Таван минутын бичлэг нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар гэгч өөрөө энэ хэргийг замхруулж, сарниулах зорилгоор албаар гаргаж ирсэн бичлэг. Гэхдээ одоо тэр бичлэгээ цахим сүлжээнээс устгасан байсан. Хэрэг их удаашралтай шалгагдаж байгаа.
-Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл дээр хохирогч хайхгүй шууд үйлдэл дээр нь хэрэг үүсгэж, шийдвэрлэх ёстой гэж өмнө нь та ярьсан байсан?
-Хуулийг завшиж, хуулиас бултаж болдог, ашигтай гарцаар гардаг нөхцлийг төрийнхөн өнөөдөр бүрдүүлж байна. Эрүүгийн хуулийн 19.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалт бий. Үүний зүйлчлэл нь 12-20 жилийн ялтай юм. Харин Эрүүгийн хуулийн 22.4.5 буюу хахууль авах гэсэн зүйл заалт нь төрийн албанд тодорхой хугацаагаар ажлуулахгүйгээр эрхийг нь хасч, торгон 2-8 жилээр хорих. Ялыг зөөлрүүлж буруу зүйл ангиар хэрэг үүсгэн хэргээс бултаж, ял завшуулах гэсэн ийм үйлдлийг 60 тэрбум гэх нэрийн ард нуугдаж байна. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, завдсан гэдгээр эрүү үүсээд, түүн дотроо давхар олон зүйл анги үүсгэх ёстой юм. Эрүүгийн хуулийн 19.2-оор малгай хийж, дотор нь хэд ангилж авлига хээл хахууль авсан, хүнийг гүжирдэж мөшгөсөн эсэхийг шалгах ёстой.
-162 минутын бичлэгт хоолой таниулах шинжилгээг хэд хэд хийж байна гэсэн. Шинжилгээний хариуд ахиц гарсан уу?
-Энэ бичлэг бол 2014 оноос эхлэн явагдсан процесс.2016 оны сонгуулийн өмнө нийтийн хүртээл болж эхэлсэн. Тэр үед миний үйлчлүүлэгч, гэрч Г.Доржзодов бол хоёр минут 16 секундээр гаргасан байдаг. Шүүх шинжилгээний эхний дүн Ц.Сандуйгийн хоолой мөн гэж гарсан. Хоёр дахь хариу нь эвлүүлэг байна гэсэн. Яг 90 минутыг бичлэгт бүтнээр нь хоолой таниулах шинжилгээ хийгдээгүй. Одоо миний хүссэн зүйл бол 90 минутын бичлэгийг бүтнээр шинжлүүлэх. Сүүлд цацагдсан 40, таван минутын бичлэгийг ч шалгах шаардлагатай. Эндээс нэг орчинд хэдэн хүн сууж ярьсан бэ гэдэг нь шууд батлагдана. Энэ бол илэрхий тодорхой бичлэг.
-Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нараас өөр хоолой бичлэгт гардаг уу?
-Гэрч Г.Доржзодовын хоолой байгаа. Сүүлд гарч ирж буй бичлэгүүдэд н.Анхбаяр гэх хүний хоолой гардаг. Дэлгэц дээр танилцуулга хийж байгаагаар яриа нь сонсогдоно.
-н.Анхбаяр нь МАН-ын гишүүн үү?
-Одоо мэдэхгүй байна. Үүнийг хуулийнхан л тогтоох ёстой. Эрх нь тэдэнд бий. Даанч хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаг хугацаа их алдаж байна.
-АТГ-ын хоёр мөрдөгч, таны хамтаар өнгөрсөн долоо хоногт “Шинэ хаад өргөө” компани буюу бичлэг хийсэн газар очиж, хуруу таниулах ажиллагаа явагдсан гэсэн. Таныг бол нэвтрүүлээгүй юм билээ?
-Хяналтын прокурор н.Ширэндэв Манай гэрчээс мэдүүлэг авч байхдаа “Шинэ хаад өргөө” групп дээр очоод бичлэг хийхдээ байрлаж байсан өрөөндөө таниулах ажил хийх боломж байна уу? гэсэн. Г.Доржзодов бол боломжтой гэж хариулсан. Улмаар наймдугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг авч байхдаа мэдүүлэг дуусаад шууд “Шинэ хаад өргөө” групп руу очоод таниулах ажлыг хийе гэдэг хүсэлт гаргасан. Би бол зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Бидэнд урьдчилж хэлээгүй. Мөн Г.Доржзодовын аюулгүй байдал хутганы ирэн дээр байгаа. Тиймээс өмгөөлөгч миний хувьд гэрчтэйгээ яриад шууд ингэж болохгүй. Эхлээд орчинтой би өөрөө очиж танилцъя. Дараа нь аюулгүй байдлыг хангаж байж гэрчийг очуулна гэж прокурортой тохирсон. “Шинэ хаад өргөө” групп мэргэшсэн хамгаалалтын албатай. А.Ганбаатар бол сейфиндээ байнга буутай байдаг. Манай гэрч Г.Доржзодовт буугаа байнга үзүүлдэг байсан. Гайхуулж уу, айлган сүрдүүлж үзүүлсэн үү гэдгийг бид одоогоор ялгаж салгаагүй. Тиймээс би гэрчийгээ прокурорын хүсэлтээр оруулахаас татгалзсан. Ингээд АТГ-ын хоёр мөрдөгчтэй нөхцөл байдалтай танилцахаар очсон. Хүчирхийлэл бид хэрэглээгүй. Гэтэл тухайн группийн хамгаалалтын алба нэвтрүүлээгүй. Зөвшөөрөл авч ир гээд хаалгаа онгойлгоогүй. Миний аюулгүй байдлыг хангаад иргэний хөдөлгөөний 15-16 төлөөлөл холоос ажаад зогсч байсан. Төрийн, хуулийн байгууллага ажлаа хийхдээ хэнээс зөвшөөрөл авах вэ?. Энэ үйлдэл бол хэрэгт нэр холбогдсон хүмүүс дээрээс их бярдаж, айж ичихээ больсныг л харуулсан.
-Гэхдээ АТГ-ын мөрдөгчид дараа нь “Шинэ хаад өргөө” группт дахин очиж, бичлэг хийсэн өрөөнд нэгжлэг, хуруу таниулах ажиллагааг явуулсан гэсэн.
-Надгүйгээр очсон. Гэхдээ тэр тухайгаа гэрч бид хоёрт ямар ч тайлбар АТГ-ынхан хэлээгүй.
-Г.Доржзодов өнгөрсөн хугацаанд хэчнээн удаа хуулийнханд мэдүүлэг тайлбар өгсөн бэ?
-Энэ хүн бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, наймалцаах гэж байсан үйлдлийн гэрч. Тиймээс АТГ-т нэг ч мэдүүлэг өгөөгүй, өгүүлээгүй. Харин ТЕГ-т гурван удаа очиж, мэдүүлэг өгсөн. 90, 40, таван минутынхаа бичлэг тус бүр дээр гэрчийн тайлбар хийсэн.
-Хуулийн байгууллагууд хэргийн мөрдөн байцаалтын дэлгэрэнгүй мэдээллийг өмгөөлөгч танд өнгөрсөн хугацаанд танилцуулсан уу?
-Үгүй. Би прокуророос миний гэрчийг гурван удаа байцаалаа. Цаана нь гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг яаж шалгаж, байцааж байна вэ гэж асуусан. Түүнд бол хариулаагүй.
-Г.Доржзодов одоо хаана байна?
-Ц.Оюунгэрэлийнд байгаа.
-Г.Доржзодов таныг өмгөөлөгчөөр яагаад сонгов, бичлэгүүдийг яагаад заавал сонгуулийн өмнө задалдаг юм бол? Энэ үйлдэл нь иргэдийг хардахад хүргээд байх шиг?
-Г.Доржзодов гэрч намайг бол өөрөө сонгоогүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Төрийн ордонд ажлаар явж байсан юм. Тухайн үед АН-аас 90 минутын бичлэгээр сонсгол явуулах гэж байна гэсэн мэдээг нэг сэтгүүлч охиноос аваад сайн дураараа орж суусан юм. Тэнд Ц.Оюунгэрэл энэ Г.Доржзодов маш их шахалтад, өмгөөлөх хүн олдохгүй, аюулгүй байдалнь хангагдахгүй байна гэж мэдээлсэн. Түүнийг сонсоод би өөрөө хүсэлт гаргаж энэ хүүхдийг өмгөөлөхөөр болсон.
-Өмгөөллийн хөлсөө хэрхэн тохирсон?
-Ямар нэгэн төлбөр тооцоо яриагүй. Энэ хүүхэд одоо ч гэртээ харьж чадахгүй байна. Эхнэр хүүхэд нь Хөвсгөл аймаг руу настай аав, ээж рүүгээ явсан. Тэндээ байгаа. Хүн гэр орондоо гэр бүлтэйгээ тав тухтай амьдрах эрхтэй. Гэтэл Г.Доржзодов төрийн эсрэг гэмт хэргийг илчилснийхээ төлөө аюулгүй байдлаа хангуулаагүй, айлд байна. Гэрч, хохирогчийн газар бол миний үйлчлүүлэгчийг баривчлах гэж очсоны дараа хамгаалах гэж байсан гэж худал хэлсэн. Энэ бол ард түмнийг басамжлан доромжилж буй үйлдэл.
-Хэдий болтол Г.Доржзодов айлд байх вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, энэ хүмүүсийн гар хуруу, сарвуу Г.Доржзодовын амь насанд хүрэхгүй болсон үед л үйлчлүүлэгчээ би гаргана.
-Яагаад. Тэд Г.Доржзодовыг заналхийлсэн үйлдэл гаргасан юм уу?
-Миний үйлчлүүлэгч энэ хэргийн шүүх хурал дээр амьд байж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан этгээдүүдийн үнэн мөнийг илчлэх, түүхэн үүрэг хүлээж буй. Хэрэв Г.Доржзодовыг ирвэс хамгаалдаг талийгч хүү шиг устгачих юм бол М.Энхболд нарын холбогдсон хэрэгт ямар ч гэрч байхгүй болж, хэрэг хаагдана. Амьд гэрч, гэрчлэх бичлэг нь байхад ингэ хөдлөхгүй гүрийж буй хуулийнхан гэрчгүй болох юм бол биднийг бүр гишгэнэ. Тиймээс Г.Доржзодов бидний алтан боломж.
-Таныг хоёр жилийн өмнө МУИС-ийн Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн гэж сонссон. Хуульч хүний хувьд одоогийн улс төрд үүссэн асуудлыг яаж харж байна?
-МАН бол 1990 оны ардчиллын үр шимийг ард түмэнд хүртээгээгүй. Зөвхөн намдаа ашигласан. Энэ намын шунал, ялзрал, эдээ бээр өнөөдөр дээд цэгтээ хүрлээ. Гэхдээ бидний аз таарч, Г.Доржзодов гэж хувиа хичээдэггүй, улсаа боддог, эр зоригтой, үр хүүхдээ боддог, эх орноо боддог гавьяатай хүний буянаар энэ том эдээ бээртэй хатгины толгой онгойлоо. Нэгэнт толгой нь онгойсон хатгийг бид маш сайн шахах хэрэгтэй. Эдээ бээргүй болтол нь эдгээж, дахин хатги гардаггүй, үүсдэггүй байхыг төрийг байгуулах шаардлагатай. МАН дотроосоо ч эдээ бээрээ шахахаар гар бие оролцоод эхэллээ.Тухайлбал, Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан 31 гишүүн байна. Тэд маш зөв шийдвэр гаргалаа, би баярлаж байна. Шадар сайд У.Хүрэлсүхэд талархъя. Албан тушаалтайгаа зууралдахгүйгээр, ажлаа өгч байгаад хуулийн өмнө жирийн иргэнтэй тэгш эрхтэй болж байгаад эрх зүйт төр байна уу гэдгийг нотлохоор өөрийгөө шалгуулах гэж байна. Төрийн алба хашин нийтийн төлөө явж буй хүн ийм л эр зоригтой байх ёстой. Аливаа юмны тэргүүнд чадалтай нь биш сэтгэлтэй нь зогсох шаардлагатай.
-Зарим иргэн Засгийн газар тогтвортой байж гэмээнэ улс орны эдийн засаг тогтвортой байна гэж ярих?
-Засгийн газар шударга, ил тод, хараат бус, сэтгэлтэй байж улс хөгжинө. Өнөөдрийн Засгийн хулгайч нь хэнд ч ил байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хамаатандаа 162 тэрбум төгрөгийн концесс эрх олгосон нь илэрлээ. Энэ мөнгө бол бага мөнгө биш. Тиймээс сайн ажилладаг Засгийн газартай болтлоо солих нь зөв. Ж.Эрдэнэбатын засгийг унагах нь зөв зам. Ингэж байжтөрөө төр шиг болгож түмэн нуруу амар амьдарна. Би сүүлийн 30 жил тасралтгүй иргэдийнхээ дуу хоолой нь болж, хууль бус төртэй тэмцэж яваа хүн.
Д.Уламбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ