Дэлхийн шинэ аваргатай, дэнчигнэсэн засагтай долоо хоног

Энэ долоо хоногт улс төр болон нийгэмд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

МАН-ЫН БҮЛЭГ ХААЛТТАЙ ХУРАЛДАВ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны 15:00 цагийн үед эхэлж, 22:00 цагт тарсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Долоон цагийн турш үргэлжилсэн хуралдаанаар засгийн газрыг огцруулах асуудлыг тойруулан 60 тэрбум, сайд нарын концесс, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, намын даргад хариуцлага тооцох зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцжээ. Төрийн ордны А танхимыг хоёр талаас нь хааж, дотроо сүлжээ унагагч байршуулсан тус хуралдаанд Ц.Нямдорж гишүүн хамгийн ширүүхэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр хуралдааны дундуур “Алив наад засгийн газрыг огцруулах бичгээ аваад ир” хэмээж, гишүүдийн нүдэн дээр гарын үсгээ зурж орхижээ. Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд сайд нарын өөрсдөдөө авсан КОНЦЕСС-ын асуудлыг гишүүд ихээхэн шүүмжилж буйгаа илэрхийлсэн байна.

Харин 60 ТЭРБУМ-ын тухайд ихэнхи гишүүд холбогдох хүмүүст хариуцлага тооцъё, намын нэрийг бузарласан зүйлээс салцгаая гэсэн байдлаар асуудалд хандсан аж. Хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд бичлэгт өөрийн биеэр оролцоогүй болохоо илэрхийлж, “Ц.Сандуй сонгуулийн үеэр ажлаа өгье гээд ирсэн. Гэвч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Нөхцөл байдал бүр эвгүйднэ” гээд хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз” гэсэн мэдээлэл намынхандаа өгсөн нь анхаарал татна. Бүлгийн хуралдаанд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцсон юм. Бүлгээс Ц.Сандуйд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдмэл байсан аж.

АРДЧИЛСАН НАМ ЗАСАГТ ОРОХГҮЙ ГЭВ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлаар хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрээр 'УИХ дахь Ардчилсан намын бүлэгхоёр зүйл дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудалд нухацтай хандах ёстой гэдэг байр суурь хэвээрээ байгаа. УИХ-ын гишүүн Л.Болдын ахалсан ажлын хэсэг аль аль талын улс төрийн төлөөллүүдтэй уулзаж, дүгнэлтээ дөрвөн үндсэн зүйл дээр тулгуурлан гаргасан.

УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд Засгийн газартай хамтрах ямар ч шалтгаан байхгүй гэж харж байгаа. Өнөөдөр олонх хариуцлагаа үүрээд явж байна. 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхын бүлэг өөрсдийнхөө Засгийн газрыг өөрсдөө авч явах үүрэгтэй. Тиймээс ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт оролцох шаардлага байхгүй” гэв.

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЭСЭХИЙГ ЧУУЛГАНААР ШИЙДНЭ

МАН 2016 оны сонгуулийн үр дүнд мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газраа сүр дуулиантайгаар байгуулж байлаа. Гэтэл МАН-ын дотоод хагарал туйлдаа хүрч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын нэр бүхий 31 гишүүн гарын үсэг зурсан. Огцруулах бичиг өргөн баригдсан бол Үндсэн хуульд заасны дагуу долоо хоногийн дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах учиртай. Байнгын хорооны хуралдаанаас хойш дахин долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг оруулах заалттай билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрыг огцруулах санал унасан юм. Огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүн дээр Ардчилсан намын есөн гишүүн нэмэгдэхээр 39 кнопыг Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын эсрэг дарах байх. Харин хэн хэн чуулганы хуралдаанд оролцох, санаатай болон санамсаргүйгээр орохгүй байх вэ гэдгээс бүх зүйл хамаарна.

Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд намын гишүүдтэйгээ “тохиролцож” чадсан бол Ерөнхий сайд үлдэнэ. Гэвч хоёр өдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар эв зүйгээ олоогүй МАН-ынхан чуулганы хуралдаанаар эв зүйгээ олно гэдэг юу л бол.

Ц.САНДУЙ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГӨВ

Нийслэлийн ИТХ-ын дарга, Ц.Сандуй ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгчээ. Тэрээр "2012 онд хөсөр хаягдсан Нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэгт гурав дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" гэж мэдэгджээ.

ДЭЛХИЙН ШИНЭ АВАРГА Д.СУМЪЯА

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялснаар дэлхийн аваргын алтан медалийн эзэн болсон. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай тун ширүүн өрсөлдөж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авсан юм. Хоёр тамирчны барилдаан нийт 12 минут 56 секунд үргэлжилсэн юм.

Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан.

Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан.

Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн дөрөв дэх жүдоч боллоо.

М.УРАНЦЭЦЭГ, Г.БОЛДБААТАР НАР ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТНУУД БОЛЛОО

2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыны Александра Попыг, гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээсэн.

М.Уранцэцэгийн хамт 48 кг-ын жинд Казахстаныг төлөөлөн барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж, хоёр монгол бүсгүй ДАШТ-ий медалийн тавцанд зогссон нь энэ өдрийн бас нэгэн онцгой үйл явдал байлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд эхний тойрогт Европ тивийн аварга, гүрж гаралтай Туркийн жүдоч Бекир Өзлуг нэмэлт цагт торгуулиар, хоёрдугаар тойрогт Францын жүдоч Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар гуравдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Рюүжү Нагаямаг торгуулиар ялж, хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл медальт, Узбекистаны бөх Диорбек Урозбоевт цэвэр ялагдсан билээ. Харин дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, залгуулаад хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялсан юм.

ЭРДМИЙН ИХ ӨРГӨӨНИЙ ЭЗЭД НЬ ИРЭВ

Энэ өдөр орны өнцөг булан бүрийн эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. Сэтгэлд цаанаа л ойр байдаг энэ өдөр бяцхан хүүхдүүд сургуульдаа очих гэж, арай том ангийнхан нь найзуудаа харах гэж, ахлах ангийнхан нь сэтгэлдээ сэмхэн тээх нэгэнтэйгээ уулзах гэж догдолно. 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136 төрийн бус өмчийн 105 сургуульд бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427 нийт 249593 хүүхэд суралцахаар бүртгэгдээд байгаа аж. Төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 буюу нийт 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдаж нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 77.6 хувьтай байна.

БНСАУ ЯПОН РУУ БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАЛАА

Харин дэлхий дахинд онцлох нэг зүйл бол Умард Солонгос Япон тэнгисийн зүг ойрын тусгалын гурван баллистик пуужин харвасан. Ройтерс агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын пуужингуудын нэг нь хөөрмөгцөө дэлбэрч, хоёр нь нислэгийн явцад унажээ. Умард Солонгосын пуужингууд Гуам арал болон Умард Америкт аюул учруулаагүйг АНУ-донцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр Канвондо мужаас харвасан БНАСАУ-ын хэд хэдэн баллистик пуужин 250 орчим километр ниссэн байна. АНУ, БНАСАУ хоёр бие биенээ харилцан сүрдүүлснээс хойш анх удаа пуужин харвасан нь энэ аж. Уг хэрэг явдал болсны дараахан Өмнөд Солонгосын эрх баригчид тус орны Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ