Сайншандын салхин цахилгаан станцад хоёр мегаваттын турбин ашиглана


Дорноговь аймгийн Сайншандад хэрэгжиж буй салхин цахилгаан станцын төсөлд Дани улсын "Vestas" фирмийн хоёр мегаваттын хүчин чадалтай салхин турбин ашиглахаар болсон тухай "Nawind Power" хуудаст мэдээллээ.
Төслийн гэрээнд заасны дагуу “Vestas” компанийн зүгээс станцад ашиглах турбины нийлүүлэлт болон угсралтыг хийх бөгөөд турбиныг 2018 оны эхний хагаст багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан “Vestas” компанийн Ерөнхийлөгч Клайв Тюртон Монгол Улсыг салхины эрчим хүчний баялаг нөөцтэй төдийгүй энэ салбарт өрсөлдөхүйц хэмжээнд ирсэн хэмээн мэдэгдсэн байна. Төслийн хэрэгжүүлэгч "Сайншанд салхин парк" компани хөрөнгө оруулалтаа Францын эрчим хүчний “Engie”, Германы “Ferrostal” компаниудаас гадна Данийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалтын сан болон үүсгэн байгуулагч Р.Даваанямын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Харин санхүүжилтийн зарим хэсгийг Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас авахаар болсон байна.
Дашрамд дурдахад, энэхүү төсөл нь Монголд хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай гурав дахь төсөл төдийгүй “Vestas” фирмтэй хамтарсан хоёр дахь төсөл болж буйгаараа онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ