Тэтгэвэр олголтын байдалд шалгалт хийжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан хяналтын баг тэтгэвэр тогтоолт олголтын байдалд шалгалт хийжээ. Шалгалтыг тэтгэвэр авагчдын 30-аас доошгүй хувийг хянажээ.

Шалгалтаар 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1176,2 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 937 тэтгэвэр авагчид 883,7 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 292,5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зөрчил илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх 1176,2 сая төгрөгийн зөрчлөөс 438,9 сая төгрөг буюу 37,3 хувийг барагдуулаад байна. Мөн 810 тэтгэвэр авагчид дутуу олгосон 292,5 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын тэтгэврийг олгохдоо нэг удаа бүрэн олгож барагдуулаад байна.

Тэтгэвэр авагчдад илүү олгосон зөрчлийн тухайд хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан 47 тэтгэвэр авагчтай холбоотой 403,0 сая төгрөгийн зөрчил илэрснийг тэтгэврийг нь зогсоож хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ аваад байна. Харин нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн 311 байцаагчтай холбоотой 480,7 сая төлбөр зөрчил илэрснийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу гэм буруутай албан тушаалтан хариуцахаар шийдвэрлэж, ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан байцаагч нарт хариуцлага тооцон ажиллалаа.

Тодруулбал, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж үзсэний үндсэн дээр 69 байцаагчид сануулах арга хэмжээ авч, 81 байцаагчийн цалинг бууруулан, 51 байцаагчийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрх цуцалж, 40 байцаагчийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол 27 байцаагчид хохирлыг төлүүлэх мэдэгдэл хүргүүлж, 6 байцаагчийг ажлаас чөлөөлөх хариуцлага ногдуулан ажиллаж байна.

Түүнчлэн итгэмжлэлээр тэтгэвэр авч байгаа 15128 иргэний итгэмжлэлийн үндэслэлийг шалгаж, 4704 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ