Ерөнхийлөгч Владивосток хотод айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гадаад айлчлал ОХУ-ын Владивосток хотод болох “Дорнын Эдийн засгийн III чуулга” уулзалтаас эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав. Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3,000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Ерөнхийлөгч энэ өдөр орон нутгийн засаг захиргааны төлөөлөлтэй уулзаж маргааш тус хотын Восточный далайн боомттой танилцах юм.

Восточный боомтын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 4,491 км зайд оршдог. Япон тэнгисийн Находкийн буланд Врангелийн хоолойд оршдог холбооны улсын хэмжээний далайн боомт юм. Номхон далай дахь ОХУ-ын тээврийн “Восточный Находка” гэсэн томоохон зангилаанд ордог.ОХУ-ын хэрэгжүүлж буй, мөн Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Ерөнхийлөгч үргэлжлүүлэн энэ сарын 6, 7-нд “Дорнын Эдийн засгийн чуулга” уулзалтад оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин , Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон бусад улсын хүндтэй зочидтой уулзана.

Тус эдийн засгийн чуулганд Монгол Улсын хувьд анх удаа төрийн тэргүүн болон бусад албаны төлөөлөгч, бизнесийн гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн ярьсанаар “Зүүн Хойд Азийн бүс нутгийн чухал уулзалтад Монгол Улс анх удаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна.

.Монгол Улс, ОХУ улстөрийн харилцаа идэвхтэй сайн. Харин эдийн засгийн харилцаа сул. Хоёр улс хамтарсан төмөр замаа шинэчлэх, коридоруудыг нь өргөтгөх ёстой” гэсэн юм.

Мөн энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын бизнес форум болох бөгөөд төр засгийн зүгээс хамгийн чухал анхаарч байгаа зүйл нь экспортын бүтээгдэхүүний асуудал байгааг Л.Пүрэвсүрэн зөвлөх онцоллоо.

Хоёр орны худалдааны нийт эргэлт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 559.32 сая ам.доллар бөгөөд үүнээс экспорт 27.13 сая ам.доллар, импорт 532.18 сая ам.доллар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ