Ж.Эрдэнэбат:Шадар сайдыг тагнасан гэдэг асуудлыг эцэслэж өгөхийг хүсч байна


УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ирцийн хувьд 52 гишүүн хуралдаанд сууж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьсан билээ. Энэ саналд одоогийн байдлаар УИХ дах МАН-ын бүлгийн 33 гишүүн гарын үсэг зурсан.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Энэ бичгийг өргөн барихаасөмнө нийгэмд, сошиалд, ард түмний дунд нэг мэдээлэл тарсан. Үүнийг манай гишүүд бүгд мэдэж байгаа байх. Тэр нь юу вэ гэхээр Ерөнхий сайд, шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр нэлээд явсан. Энэ мэдээллүүд нь ард түмнний дунд Ж.Эрдэнэбат гэдэг хүн шадар сайдаа тагнасан юм байна гэсэн эргэлзээ төрүүлчихсэн. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр Аюулгүй байдлын байнгын хороонд наймдугаар сарын 22-нд чуулганы хуралдааныг хаалттай байдлаар хуралдуулж өгөөч гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан.
Мөн есдүгээр сарын нэгэнд энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ямар нөхцөл үүссэн гэдгийг тодорхойлж өгөхийг хүсч Тусгай ажлын дэд хороонд хүсэлтээ гаргасан.
Цаашдаа миний бие залуу хүний хувьд нэр хүнд унагаасан асуудалд холбогдоод явах сонирхол байхгүй. Өнөөдрийн хурлаар ямар ч шийдвэр гарсан бай шадар сайдыг тагнаж чагнасан гэдэг асуудлыг эцэслэж, байнгын хороодоор болон дэд хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсч байна” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ