Д.Хаянхярваа: Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын зөрчлийг нэг талд гаргах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хүсэлт гаргаж, ээлжит бус чуулганыг түр завсарлуулаад буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гарын үсэг зурсан гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд нууц хуралдаан хийж байгаа аж. Тэд Засгийн газар огцорсон тохиолдолд бүлгийн дарга болоод УИХ-ын даргыг солих талаар ярилцсан байна.

Харин нөгөө талд Засгийн газрыг тогтвортой байлгана гэж үзэж буй гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд уулзалт хийв. Тэдний хувьд тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, тагнасан чагнасан гэх асуудлыг нэг талд гаргах нь зүйтэй. Засгийн газраа тогтвортой ажиллуулж байж эдийн засаг тогтвортой болно гэж ярилцжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Би завсарлага авах шалтгаанаа ээлжит бус чуулган дээр тодорхой хэлсэн. Завсарлага авах шийдвэрийг олонх байсан бүлэг шийдсэн юм. Бид ярьж ойлголцох чиглэлээр ажиллаж байна. Ойлголцоно гэдэгтээ ч итгэлтэй байна. Засгийн газрын огцруулах шалтгаан бодитой мөн үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Огцруулах явц яагаад хурдсах болов гэдэг нь гарцаа байхгүй Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын хоорондын зөрчлөөс үүдэлтэй. Үүнийг л нэг талд гаргах ёстой. Тагнасан, чагнасан гэх зүйлийг хэн хийлгээд байгаа нь ойлгогдохгүй болчихлоо.

Тагнаж, чагнахыг Төрийн тусгай алба зохион байгуулаад байгаа юм уу, эд нар өөрсдөө ч үүрэг даалгавар өгөөд байгаа юм уу, хөндлөнгийн хүмүүс оролцоод байгаа юм уу. Энэ бүхнийг нэг талдаа гаргахын тулд Тусгай хяналтын дэд хороо мэдээлэл сонсох ёстой. Би бол ээлжит бус чуулганаар завсарлага авахдаа хууль зөрчөөгүй” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ