Засаг "баяртай"


2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “Мэргэжлийн” гэх тодотголтой байгуулагдаж байсан Засгийн газар өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 57.5 хувийн саналаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. МАН сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болсныхоо дараа “Засгаа тогтвортой ажиллуулна” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил, хоёр сарын хугацаанд ажиллаад уналаа. Хүүхдээр зүйрлэвэл хөлд орох гэж хичээж байхад нь түлхээд унагачихав.
Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын 30 гишүүн өргөн барьсан. Энэ үеэс эхлэн МАН-ын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх “тэмцэл” олны өмнө ил болов.
Угтаа 2016 онд ард түмэн Засгийн газар тогтвортой байх, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхгүй байх том итгэлийг МАН-д өгсөн. Гэтэл Засгийн газар амласан амлалтаасаа буцаж, татвар нэмэх, сайд нар “концесс авсан” гээд олон асуудалд цэг тавьж, буруутай нь хариуцлагаа хүлээж, ажлаа зөв хийж байгаа нь цааш үргэлжлүүлээд ажиллах боломж эрх баригчдад байсан.
Ингэснээр 1996 оноос хойш парламент 14 дэх Засгийн газраа унагаж байна. Түүхэндээ хамгийн богино буюу найман хоног Ерөнхий сайд хийсэн хүн бол Н.Туяа байдаг. Харин хамгийн урт хугацаанд Н.Энхбаярын Засгийн газар ажиллаж байжээ. Тэрээр 2000-2004 оны хооронд засаг барьсан бөгөөд энэ нь УИХ Засгийн газраа унагаагүй цорын ганц тохиолдол билээ. Ер нь нэг засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.7 жил байдаг аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, итгэл хүлээлгэж,бас үнэмлэхүй хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН хэнтэй ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт бишээ гэдгийг би энд зориуд хэлмээр байна” гэв.
Шинэ Ерөнхий сайд хэн бэ?
Засгийн гарын тухай хуулийн 21.2-р заалтад “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг.
Иймд шинэ Засгийн газар хуулийн 30 хоногийн хугацаанд бүрдэж, энэ хүртэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллах юм. Уг нь ерөнхий сайд огцорсон тохиолдолд Шадар сайд үүрэг гүйцэтгэгч хийгээд явдаг тогтсон жишигтэй байдаг. Чуулганы үеэр Б.Жавхлан гишүүн шадар сайд У.Хүрэлсүхээр Ерөнхий сайдыг түр орлон гүйцэтгэгч хийлгэх санал гаргасан ч танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцорч буй учир саналыг хүлээн авах боломжгүй гэж үзээд хүлээж авсангүй.
Мэдээж намын даргад горилогчид олонхын бүлэгт цөөнгүй байгаа ч Бага хурал бүгдийг эцэслэнэ. Ж.Эрдэнэбат дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Харин энэ хугацаанд МАН Бага, Их хурлаа зарлаж хуралдсанаар дараагийн ерөнхий сайд томилогдох биз ээ.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ