Оффшорчдыг одоо яах вэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан энэ оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг “сануулсан”.
Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн. Гэтэл одоо оффшорчдод олгосон дээрх хугацаа дууссан бөгөөд байдал хэвээрээ л байна. Оффшорчдын хэн нь ч мөнгөө татаж оруулж ирсэнгүй.

АТГ-аас “оффшор бүс”-д байгаа мөнгийг оруулж ирэх боломжтой гэж мэдэгдсэн. Иймд оффшорчид мөнгөө өөрсдөө сайн дураараа оруулж ирэхгүй байгаад хууль, хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулах биз. Угтаа төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж буй нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон гэх. Гэхдээ өөрсдийгөө оффшорчин гэж илчилсэн нэг ч хүн үгүй билээ. Энэ байдлаар бол Ерөнхийлөгчийн уриалгын тайлал удахгүй гарах ба 60 тэрбумын адил оффшор дансны мөнгө нь ариун цагаан эсэхийг шалгах даалгавар АТГ хүлээж байна. Даалгавраа тааруу хийсэн сурагчийн толгойг илдэггүй жишгээр харвал авлигачид, оффшорчдоос илүүтэй 49 дэх хоногийн аянгын цохилт, түүний дараах засал нь тааруухан л “харагдана”.

Угтаа бол манай оффшортнууд бүгд мөнгөө татчихвал Монгол Улс түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцтэй болж, импортын бараа таваарын үнэ навс бууж, төгрөг маань томорч, цалин хангамж нэмэгдээд, америкчууд шиг л аж төрөх бүрэн боломжтой гэх. Солонгос, Чех рүү явж хар ажил хийлгүй, харин тэднийг авчирч ахин сэргэсэн оёдлын үйлдвэр, арматурын цехүүдэд ажиллуулна гээд л мөрөөдөл хөврөм.

1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компанийн хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр буй. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан.

Угтаа тэдний нууц хөрөнгөний зарцуулалт нь хаанаас эх үүсвэртэй вэ гэдгийгхянахад л гараад ирэх байх. Ерөнхийлөгчийн оффшорчдод өгч буй 49 хоногийн хугацаа хэдийнэ дуусчихлаа. Нэг ч хүн мөнгөө оруулж ирсэнгүй. Харин одоо ямар хариуцлага тооцох вэ..?

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ