Ерөнхий сайд Ц.Нямдорж уу, У.Хүрэлсүх үү?

Мэргэжлийн Засгийн газар огцорч, МАН дараагийн Засгийн газраа байгуулах ажилдаа ороод буй. Ийнхүү эрх баригч нам доторх Ерөнхий сайдын тулаан хүрээгээ тэлж эхэлсэн сурагтай. Дараагийн Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын нэрс яригдаж эхэлсэн байна.

МАН-ын дарга М.Энхболдын хувьд Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг Ерөнхий сайдаар томилох тохироо хийсэн талаар бор шувуу нисэх болсон. Харин УИХ-ын зарим гишүүний зүгээс дараагийн Ерөнхий сайдад Ц.Нямдоржийг зүтгүүлж байгаа гэнэ.

Тухайлбал, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нар Ц.Нямдоржийг “Ерөнхий сайд болооч” гэж шахаад эхэлжээ. Ц.Нямдоржийн хувьд энэ саналд “дуртайхан” хандаж байгаа аж.

Харин нөгөө талд Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нар уулзаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр ярилцаж байгаа аж. Учир нь У.Хүрэлсүх бол шууд л зүтгэнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна.

Хүмүүсийн хэлж буйгаар Ц.Нямдоржтой өрсөлдөөд ялах хүн бол У.Хүрэлсүх. Бусад горилогчид нь Ц.Нямдоржтой өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс М.Энхболд тэргүүтнүүд У.Хүрэлсүхэд “хадаг барьж” очихоос өөр аргагүй гэх.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор тодруулах ёстой. Тиймээс МАН-ынхан намын дарга болох хүнээ Ерөнхий сайдад зүтгүүлэх эсвэл Ерөнхий сайд, намын дарга хоёроо тус тусад нь тодруулах уу гэдэг дээр бүлэг фракциуд өөр өөрсдийн хувилбарыг гаргасан байгаа аж.

Ямартай ч ойрын өдрүүдэд дээрх фракцууд Бага, Их хурлын гишүүдээ “тойглох”, нэгтгэх ажиллагааг эхлүүлээд тун завгүй байх нь. Тэдний хэн нь Бага, Их хурлын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадна, бас хоорондоо хэрхэн тохиролцохоос цаашдын хувь заяа шийдэгдэх юм. Засгийн газар огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрыг бүрдүүлэх учраас тун удахгүй МАН-ын УЗ, Бага хурлууд товлогдох биз ээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ