Э.Бат-Үүл: НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцох ёсгүй

Өнөөдөр нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. Улмаар Ц.Сандуйг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-НИТХ-ын даргыг чөлөөлж, шинээр томилох асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?
-2012-2016 оны хооронд нийслэл Улаанбаатар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ байдал даамжирсаардаргаа огцруулахдаа хүрээд байна. Өнөөдөр НИТХ-ын даргыг томилох нь асуудал биш бөгөөд үүний дээр ИТХ-аа Үндсэн хуульд заасан үүргийнх нь дагуу ажиллуулж, Нийслэл хотыг удирдлагаар хангаж эзэнтэй болгох хэрэгтэй.
Мөн НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцож байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл. НИТХ-ын даргыг чөлөөлөх болон шинээр томилох ажил хуулийн дагуу явагдах ёстой. Намын байгууллага хуралдаж энэ асуудлыг ярьж байна гэдэг нь хуучин социализмынхаа үе рүү орж байна. Дараагийн иргэдийн хурал хуулийн дагуу ажилладаг байх ёстой гэдэг дээр шаардлага тавьж ажиллана. Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна. Энэ улс орныг улс төрийн дур зоргоор удирддаг боллоо.
-Танай бүлэг саналаа хэрхэн өгөх вэ?
-Манай бүлэг бодлогын байр суурин дээрээ зогсъё, зарчмын байр сууриа илэрхийлье гэж байгаа. Түүнээс НИТХ-ын гишүүдийн бүрэн эрх хадгалагдана. Хамгийн гол нь нийслэл хотыг удирдлагатай болгож өгөөч, Үндсэн хуулийн дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ажиллуулж өгөөч гэсэн шаардлагаа л тавина. Хувь хүнийг сонгох асуудлыг хүмүүс өөрсдөө шийднэ. Ахин хэлэхэд, төрийг намын байгууллага удирдаад байна. Энэ байж боломгүй хэрээс хэтэрсэн зүйл. Улс төрийн шат шатанд намын байгууллага хуралдаж, оролцож байна.
-Ц.Сандуй даргыг ажлаа хүлээлгэн өгч буй үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн хүний өөрийнх нь хийсэн сонголт. Гэхдээ хамгийн гол нь намын дотоод зөрчлөөс ийм шийдвэр гарч байна. Гэтэл намын дотоод хямралаас болж улс төр хямраад байж болохгүй.
-Та НИХТ-аар сонгогдсоноосоо хойш хуралдаа бараг суусангүй?
-Хуралдаа сууж байсан үед анзаараагүй байж магадгүй. Өмнөх НИТХ байнгын үйл ажиллагаатай байж бодлогоор хангаж байсан. Гэтэл одоогийн хурал байгуулагдсанаас хойш бид хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа. Хар л даа, өнөөдөр гэхэд НИТХ-ыг улс төрийн зорилгоор л хуралдуулж байна. Хүн огцруулах болохоор л хурал зарлаж байна.
-Та хэнийг дэмжих вэ?
-Ямар ч байсан хэлэх үгийг нь сонсоно. Би төлөөлөгчийн хувьд нийслэл хотыг удирдлагатай болгож өгөх, Үндсэн хуулийн дагуу ажиллуулж өгөөч гэж шаардана.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ