Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна


Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ энэ сарын 16-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны харьяат 32 настай иргэн М загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон байсан.
Дуудлагын дагуу тус өдрийн 16:16 цагаас эхлэн аймгийн Онцгой байдлын газрын есөн алба хаагч, АТА-ийн найман алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 38 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Долоо хоногийн дараа буюу энэ сарын 23-ны өдрийн 10:10 цагт “Өндөр-Эрэг” гэдэг газар (осолдсон газраас зүүн зүгт 20 км-т)-аас хохирогчийн цогцос олдож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Одоогоор сураггүй алга болсон хоёр иргэнийг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайсаар байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ 33 настай иргэн С Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.
Мөн энэ сарын 20-нд Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ тус сумын харьяат иргэн 42 настай эмэгтэй Х самар түүнэ гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ