Вакцинжуулаагүй улмаас боом өвчин гарчээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар багийн Баянголын аманд байрлах малчны хоёр тугал энэ сарын 18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ.

Улмаар тус аймгийн Мал эмнэлгийн газраас дээж авч лабораторид шинжлүүлэхэд 'Боом' өвчин болох нь тогтоогдсон байна.

Иймд тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын 103 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа ажээ. Малын гоц халдварт боом өвчний голомтод нийт таван өрхийн 17 насанд хүрсэн хүн, гурван хүүхэд болон айл өрхийн нийт 3292 мал хөл хорионд байгаа гэнэ.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Ё.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Одоогоор боом өвчний голомтод 1800 м/кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, тус багийн малчин М-ийн 100 үхэрт боом өвчний вакцинжуулалтыг хийгээд байна. Тухайн малчин өрх малаа вакцинжуулаагүй нь улмаас боом өвчин гарсан. Мал нь халдварт өвчин туссаны дараагаар л малчид малаа вакцинжуулах юм. Тиймээс малаа цаг тухайд нь вакцинжуулахыг анхааруулж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ