"Бараг Ерөнхий сайд" У.Хүрэлсүх намаа алдах уу?

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлсэн.

Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнг тоолоход Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус, тус саналаа өгчээ. Тиймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг өргөн мэдүүлэх болж байна.

309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.

Мэдээж нэгэнт намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлаар тодорсон Ерөнхий сайдад нэр дэвшигчээ УИХ-ын 65 бүлэг олонхоороо дэмжиж таарна. Санал хуваагдлаа гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулж АН-ын бүлгийн дэмжлэгийг ч авах боломжтой.

Харин удахгүй болох МАН-ын их хурлаар намын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилнө гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөрхөн мэдэгдэж байсан. У.Хүрэлсүхийн эрхэм зорилго нь Ерөнхий сайд гэхээсээ илүү намын дарга болж намаа шинэчлэх юм. Харин түүнд Ерөнхий сайд хэмээх том бялууг хүртээсэн МАН намын даргын суудлаа тийм ч амархан өгчихгүй биз. МАН-ын бүлгийн гишүүдээс намын дарга Ерөнхий сайд байх албагүй гэж санаатай, санамсаргүй хэлж буй сүүлийн үеийн мэдээллээс харахад У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдаа өгөөд намын даргадаа хуучин удирдлагуудын эрх ашгийг шингээж сонголт хийх нь тодорхой харагдаж байна.

Мэдээж үүнийг тооцоолсон У.Хүрэлсүх засгаараа дамжуулж намаа авах төлөвлөгөөтэй байгаа болов уу.

Энэ удаагийн МАН-ын IX Бага хурлаар:

  • Намын их хурлаа 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр товлож,
  • Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, оролцох төлөөлөгчдийг сонгох журмыг батлаж,
  • 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцжээ.

11 дүгээр сард болох МАН-ын Их хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх аж

Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сарын 7-нд үүрэг гүйцэтгэгч болсон.
  • Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ