Автомашиныг заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр ачина


Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоож, тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан.
Дээрх тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон гудамж замуудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микроавтобус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянган төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.
Түүнчлэн түр саатуулах хашааны нэг хоногийн төлбөрийг мотоцикль 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 мянган төгрөг, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизм 20 мянган төгрөг байхаар тус тус баталсан.
Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 километрээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа хашааны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 метр квадратаас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ