Цахим орчин дахь "дурын эмч" нарыг хязгаарлая!


“Яана аа, ээжүүдээ хүүхэд маань өндөр халуураад, цэртэй ханиалгаад байна. Ямар эм өгвөл дээр вэ?” гэж цахим орчинд ээжүүд бусдаасаа асууж, зөвлөгөө хүсдэг. Яарсан үед, эмнэлгийн урт дарааллаас гэрэвшихдээ ойр нэгнээс тусламж хүсдэг ч энэ нь маш буруу үйлдэл билээ. Монголчууд эмчид итгэснээс эмээдээ итгэ, жор мэдэхгүй отчоос зовлон үзсэн чавганц дээр гэх мэт ёгт үгийг хэрэглэдэг. Мэдээж амьдралын олон арван жилийн туршлагатай буурлуудад мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй ч мэргэжлийн байгууллагад нь ажилладаг мэддэг хүн л найдвартай.
Манай улсад эмнэлгийн мэдээллийн үйлчилгээ дутуу, дулимаг байгаагаас цахим орчинд ээжүүд сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан болчихоод байна. Хагалгаагаар төрсөн ээж хэрхэн өтгөн хаталтаас ангижрах талаар зөвлөгөө авахыг хүсэхэд “байцаа ид, чавга ид, үзэмний шүүс уу, клизм тавь” гэх мэт зөвлөгөөг нэг нэгэндээ өгнө. Зөвлөсөн бүхнийг нь хэрэглэсний дараа нялх хүүхэд нь чацга алдах, гэдэс нь эвгүйрч, өөрөө ч ядаргаанд орох жишээтэй. Буруу зөвлөгөө нэгэндээ өгдөгөөс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь энүүхэнд.
Үүнтэй холбоотойгоор нэгэн таагүй жишээ дурдахад саяхан нэг ээж цахим группээр хүүхэд нь өндөр халуурч буй үед хэрхэх талаар бусдаасаа зөвлөгөө хүссэн байна. Ийнхүү ээжүүд хариулт бичихэд тэрээр нэгэн ээжийн “хүүхдэдээ 1000 дозтой халуун бууруулах лааг зургаан цагийн зайтай хоёр удаа шулуун гэдсээр нь хийчих” гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлжээ. Үүнээс болж гуравхан настай бяцхан хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ижий ааваа амьдын тамд унагасан харамсалтай зүйл болсон. Энэ бол маш том асуудал. Эрүүл мэндийн талаар ямар ч мэдлэггүй, өөр мэргэжилтэй гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжээс зөвлөгөө авч байгаа асуудлыг зүгээр орхиж хэрхэвч болохгүй.
Монголчууд халуурч, бүлээрсэн үед жоргүйгээр парацетамолыг дур мэдэн ихээр хэрэглэдэг. Парацетамол бол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй эм. Тиймээс энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал. Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдэгийг судлаачид тогтоосон байдаг.
Тиймээс хүүхдэд өгөхдөө заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэтэл манайхан эмийн санчаас асуугаад хүүхэддээ дур мэдэн уулгачихдаг. Угтаа бол эмийн санч эм олгох үүрэгтэй болохоос биш, хүний зовиур шаналгааг асуугаад өөрөө дур мэдэж эм өгөх ёсгүй. Үүнээс болоод эмийн замбараагүй хэрэглээ бий болдог. Эргээд тухайн хүүхэд эмэнд дасалтай болох, дархлаа сулраад зогсохгүй эмийн хордлогод орох магадлалтай байдаг.
Буруу эмчилгээ, буруу зөвлөгөө ямар үр дүн дагуулахыг ч таах аргагүй. Аливаа эмийг хэрэглэхийн өмнө ямар тунгаар, хэд хоног хэрэглэхийг нь эмчээс заавал асуух хэрэгтэй. Мөн сүлжээний эм болон биологийн идэвхит бэлдмэлүүдийг бага насны хүүхдэд өгч болохгүй. Үүнтэй холбоотойгоор салбар яам тусгай дугаар, онлайн зөвлөгөө, сургалт мэдээлэлдээ анхаарах цаг хэдийнэ болсон. Эцэст нь хэлэхэд хүүхэд эрүүл, саруул байх үндэс нь гагцхүү ээж ааваас л шалтгаалах юм шүү.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ