Хоёр "Сайхан"-ы хэн нь дарга болох вэ?


НИТХ-ын даргыг өнөөдөр сонгох учиртай. Энэ сарын 22-ны хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн.
Улмаар журмын дагуу НИТХ-ын дарга нууц санал хураалтаар тодруулахаар болсон ч хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Баярсайхан 22, заалнаас нэр дэвшсэн С.Амарсайхан 22 хүний санал авсан юм.
С.Амарсайханыг хүмүүс “Налайхын”, эсвэл “Оюуны ундраагийн” гэдгээр нь сайн мэддэг. Тэрээр үндэсний телевизийн мэдээний хөтөлбөрийн нүүр царай болсон сайхан бүсгүй Г.Ичинхорлоогийн гэр бүлийн хүн аж.
Түүнийг гадаад орнуудад хэд хэдэн удаа боловсрол дээшлүүлсэн, сэхээтэн гэж хүмүүс мэддэггүй. Харин сүүлийн үед Зайсан толгойн ар бэлийг сэтлэн сүндэрлэсэн шилэн барилга, Туулын хөвөөн дэх Зайсан Скүэр зэрэг томоохон байгууламжуудын эзэн гэдгээрээ нэр нь дуулдах болсон. Түүнийг ийнхүү бэлтэй загнах болсонд олон хүн гайхдаг. Гэхдээ ахынхаа удирдаж байсан “Оюуны Ундраа” хэмээх нүсэр том группын Ерөнхий захирал болсон төдийгүй, “Монгол СЕО” гэх бийлэгжүү эрхмүүдийг эгнээндээ багтаасан клубын Ерөнхийлөгч, хэд хэдэн орд газрын лицензийг эзэмшдэг, олон компанийн ТУЗ-д багтсан нэгэн тул ийнхүү олон бүтээн байгуулалт гараасаа гаргах нь зүйн хэрэг. Гэвч түүнд төрд ажилласан туршлага бараг үгүй. Нэг хэсэг БНХАУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан болж, Бээжинд гурван жил суусныг эс тооцвол тэрбээр төрд зүтгэсэн түүхгүй шахам. Харин яагаад НИТХ-ын дарга болохоор онцгойлон зүтгэснийг нь олон нийт хэд хэдэн байдлаар хардаж байгаа аж.
Харин 1998 оноос Нийслэлийн МАН хорооны гишүүн байсан Д.Баярсайханыг хүмүүс УИХ-ын дарга М.Энхболдын талын хүн гэдэг. Тэрээр нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын даргын албыг хашдаг нэгэн. Түүний хувьд “Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам” хэмээн мэдэгдсэн юм. Харин олон нийтийн зүгээс Нийслэлийн ИТХ дахь бүлэг 50 нас гарсан хүнийг НИТХ-ын даргад дэвшүүлж байгаа нь залуу боловсон хүчнээ дэмждэггүйн нэг илрэл хэмээн шүүмжилж буй.
Ямартай ч НИТХ-ын даргыг хойшлуулшгүй шийдэх чухал асуудал. Учир нь, Улаанбаатар хотын сая гаруй иргэдийн ахуй амьдралыг шийдэх НИТХ хуралдаж чадалгүй дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд хуримтлагдсан асуудлууд олон байгаагийн сацуу цаг үеийн асуудлууд ч шил даран шийдэл хүлээж байна.
Намрын нар өдөр өдрөөр цаашилж, хүйтэн сэрүүний улирал хаалга тогших энэ мөчид сая гаруй нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал олон бий. Өвөлжилтийн бэлтгэл, түлээ нүүрс, халаалт, агаарын бохирдол, утаа униар, цэвэрлэх байгууламж гээд өдөр тутмын асуудлаас гадна багш нарын ажил хаялт бас нэрмээс болж эхэллээ.
Нэг хэсэг сийрэгжсэн замын түгжрэл буцаад л багширч орхисныг анзаарч байгаа төлөөлөгч байна уу. Он дуусахад тун чиг бага хугацаа үлдэж. Нийслэлийн ирэх оны төсөв, төлөвлөгөө боловсруулах, батлах гэдэг хугацаа шаардсан ажил НИТХ-ын төлөөлөгчдийг хүлээж байна шүү дээ. Тиймээс сандал ширээний томилгоогоо хурдан дуусгаад, нийслэлийн асуудлууддаа шамдмаар байна.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ