Ажлаа шуурхайлж, хурлаа хуралдуулах шаардлага тавив


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын даргыг сонгох үйл явц гацаанд орсон талаар өнөөдөр /2017.09.29/ НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анх удаагаа даргаа огцруулж, даргаа сонгож чадахгүй долоо дахь хоног дээрээ ирээд байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал үргэлжлэх ёстой.
Харамсалтай нь МАН-ын бүлгээс энэ хуралдаан үргэлжлэх боломжгүй, ирэх Даваа гариг хүртэл хойшлуулъя гэдэг байр суурийг илэрхийлээд байна. Хэрэв хуралдааны завсарлагыг сунгах шаардлагатай бол одоогийн дэгд заасны дагуу завсарлагын хугацааг сунгах хүсэлтээ хуралдааныг эхлүүлсний дараа мэдэгдэх ёстой. Энэ дэгийг зөрчиж байна” гэлээ.
Мөн тэд “Нийслэлийг бодлогоор хангаж байдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа гацчихаад байна. Тийм учраас бүлэгт ажлаа шуурхайлж, хурлаа хуралдуулъя гэдэг шаардлагыг тавьж байна.
Холбогдох хуулийнхаа дагуу өмнө нь санал тэнцсэн нэр дэвшигчдээр дахин санал хураалт явуулах учиртай. Дахин санал хураалтаар саналын тоо тэнцсэн тохиолдолд шинээр дэвшигчийг зарлах, заалнаас нэр дэвшүүлэх зохицуулалттай. Бид НИТХ-ын тов зарлагдахыг хүлээсэн байдалтай байна” гэж тодотгосон юм.
Одоогоор НИТХ-ын тов зарлагдаагүй байгаа бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг дотоод уулзалттай байгаа аж. Тэдний зүгээс НИТХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч мэдээлэл хийнэ гэсэн ч хэвлэлийн хуралд оролцсонгүй.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ