Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэв


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн томилгоог хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Хуралдааны талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудалд УИХ ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ МАН-ын бага хурал дээр хэлсэн. Өвөл хаяанд ирсэн энэ үед сандал суудлын асуудал ярьж яамд агентлагийг салгах, нийлүүлэх асуудал байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, салбараа мэддэг хүнийг сайдаар томилох үндсэн зарчимтай байгаа.
-Эдийн засгийг сэргээх тал дээр У.Хүрэлсүх ямар ажил хэрэгжүүлэхээ танилцуулсан уу? Тухайлбал Олон улсын валютын сангийн хөтөлбөр үргэлжлэх үү?
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх асуудал МАН-ын бага хурлаар яригдсан. УИХ-ын намрын чуулганы үеэр асуудал тодорхой болно.
-Яамдын төрийн нарийн бичгийн дарга нар болон агентлагийн дарга нарт өөрчлөлт орох уу?
-Шинээр байгуулагдах Засгийн газар сандал ширээтэй зууралдахгүй. Төрийн алба хаагчдаар төдийлөн оролдохгүй гэдгээ У.Хүрэлсүх намын бага хурал дээр илэрхийлсэн. Харин хариуцлага алдсан төрийн алба хаагчтай ажлын хариуцлага тооцоод явна. Сахилга батыг дээшлүүлнэ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байхыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. Өмнөөс нь хариулах боломжгүй.
Мөн бүлгийн хуралдаанаар 2018 оны Монгол Улсын төсвийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхлэв. Байнгын хорооны 19 гишүүний 16 нь хуралдаанд оролцож байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ