Гуч дахь Ерөнхий сайд тодорсон "гоё" долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амдралд болсон зүйлсийг тоймлон хүргэе.
МАН-ЫН БАГА ХУРАЛ БОЛОВ
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд 181 гишүүн оролцохоор ирсэн байна. Хуралдаанаар УЗ-өөс нэр дэвшүүлээд байгаа Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэгийг Ерөнхий сайдад томилох эцсийн шийдвэрийг гаргалаа.
У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР НЭР ДЭВШҮҮЛЭВ
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлсэн.
Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнг тоолоход Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус, тус саналаа өгчээ. Тиймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг өргөн мэдүүллээ.
309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулав
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.
Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.
ЕРӨНХИЙ САЙДЫГ ИРЭХ САРЫН 5-НД ТОМИЛНО
УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн даваа гарагт нээнэ. Гэхдээ УИХ ирэх пүрэв гаригт буюу аравдугаар сарын 5-нд Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн юм.
У.ХҮРЭЛСҮХ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжсэн.
Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх "Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой. Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй.
Давхар дээлний тухай асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Энэ асуудлыг бүлгийн хурал дээр тодорхой байр сууриа илэрхийлж хэлэх болно. Монголчууд өөрсдийгөө далайд гарцгүй гэж ярьдаг ч бид далайд гарцтай ард түмэн. Энэ зах зээлийг ашиглах ёстой. Авлигал хээл хахуультай хатуу тэмцэнэ. Төрийн ордонд зураг нь өлгөгдсөн төдийхөн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна " гэв.
МҮОНРТ-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ
Есдүгээр сарын 27-ны өдөр бол үзэгчдийн хүндэт Үндэсний телевизийн төрсөн өдөр.
Уг өдрөөс яг 50 жилийн өмнө, 1967 оны есдүгээр сарын 27-нд одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевиз эфирээ нээж, тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Үндэсний телевизийн үүх түүх Монголын түүх юм. Тавин жил тасралтгүй телевизийн урлаг, сэтгүүлзүй, соён гэгээрлийн түүчээ болж ирсэн билээ.
ИНЕГ-Т 469 АЛБА ХААГЧИЙГ ШАЛГАРУУЛАХГҮЙГЭЭР ШУУД ТОМИЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа хэлэлцүүллээ.
Тус яаманд төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилсон байх бөгөөд эдгээр 9 албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн салбарын хэмжээнд 5 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилжээ.
УМАРД СОЛОНГОС ТРАМПЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ДАЙН ЗАРЛАСАН ГЭЖ ҮЗЭВ
"БНАСАУ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг дайн зарласан гэж үзэж, бүхий л боломжтой хариу арга хэмжээг авна" гэж Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ли Ён Хо мэдэгджээ.
“Бид хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Тэд манай орны агаарын орон зайд орж ирээгүй ч америкийн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцуудыг сөнөөх эрхтэй” гэж сайдын хэлснийг хэвлэлд дурдсан байна.
ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ЗОРИЛГЫГ НЭРЛЭВ
Нисэх онгоц, нисэх буудлууд нь “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористуудын анхаарал хандуулдаг гол бай хэвээр байна. Террорын эсрэг үндэсний төвийн захирал Николас Расмуссен ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Түүний дурдсанаар, тэд террорын ажиллагааүйлдэх шинэ шинэ арга сүвэгчилж, аюулгүй байдлыг хангах системийн сул талыг хайж байдаг гэж тэр мэдэгджээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ