Ерөнхий сайдын ердийн биш даваа

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг ирэх пүрэв гаригт албан ёсоор батламжлахаар болоод буй. Улмаар баасан гаригт шинэ Ерөнхий сайд албан тушаалаа хүлээн авч, дараа долоо хоногт сайд нарын томилгоо хийх юм.

У.Хүрэлсүхийн хэлснээр “Нийгэмд шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, баялгийн оновчтой хуваарилалт, төрийн стандарт тогтоох, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа шийдэх гээд түүхэн цаг хугацаа тохиож байна” гэсэн.

Үнэхээр ч түүний хувьд эдийн засгийн хямралыг тогтворжуулах, багш, эмч нарын цалинг нэмэх, 'Чингис' бондын өрийг төлөх, гаднаас хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдээ хөдөлгөх, Үндсэн хуулийг шинэчлэх, засаглалын хямралыг тогтворжуулах, хагарсан тогоогоо наах, задарсан намаа эвлүүлэх гээд эдийн засаг, нийгмийн захиалгуудыг шийдэж ачааны хүндийг үүрэх ээлж энэ удаад ногдож байна.

Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сард 'Чингис' бондын 500 сая, тавдугаар сард 'Дим сан' бондын 160 сая ам.долларыг Монгол Улс төлнө. Энэ даалгавар ч У.Хүрэлсүхэд оногдсон. Хэрвээ Монгол Улс өрөөтөлөхгүй бол дефолт зарлахад хүрнэ. Иймээс шинэ Ерөнхий сайд болон түүний багийн өмнө томоос том сорилт хүлээж байна.

Дээр нь энэ өвөл хүйтнээс хүйтэн болохыг мэргэжилтнүүд анхааруулж буй. Үүнээс харахад Монгол Улс өвлийг өнтэй давах нь ч бас түүнээс шалтгаална. Нэмээд Улаанбаатарын утаа айсуйг Ерөнхийлөгч болоод шинэ Ерөнхий сайддаа сануулчихад буруудах юун. Тэд өөрсдөө л ажил хийнэ гэж амлаж гарч ирсэн шүү дээ. Хүлээлтэд гацсан Тавантолгой, Гацууртыг хөдөлгөж эдийн засгаа сэргээх амлалтыг МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өгсөн. Энэхүү амлалтаа биелүүлэх, эдийн засгаа сэргээх гээд У.Хүрэлсүхийн хувьд түүхэнд нэрээ үлдээх үү, төрийн ордны хананд зургаа хадуулах уу гэдгийг харах л үлдлээ дээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ