"Дан дээлтэй засаг" дааруулах биш хөлдөөхийн учир

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно. Үүнтэй зэрэгцэж Засгийн газрын бүрэлдэхүүн яригдах юм.
Засгийн газарт Монгол Улсын хамгийн шилдгүүд, манлайлагчид ажиллаасай гэж иргэд хүсэж буй. Монголын ард түмний амьдрал дээшилж байвал дан, давхар дээлний ялгаа ач холбогдол чухал биш. Хэн байх нь, чадах үгүй нь чухал. УИХ-ын гишүүний хувьд бол гишүүдэд асуудлаа танилцуулах, шийдүүлэх зэргээр давуу тал бий.
Гадаад харилцаа, Сангийн яам, Батлан хамгаалах, Хуульзүй, Байгаль орчин зэрэг үндсэн чиг үүргийн гол яамдын сайд нарыг УИХ-ын гишүүд давхар хаших нь давуу тал, ач холбогдолтой. УИХ-ын гишүүд засгийн газарт орж байж засаг тогтвортой байна. Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг үндсэн чиг үүргийн яамдуудын сайд нарыг УИХ-ын гишүүд хаших нь зүйтэй гэдгийг өчигдөрхөн мэдэгдээд авсан.
Тохиолдлын чанартай сайд нар УИХ-ын гаднаас тавигдаж, тэднийг их хурлын гишүүд нь сүрдүүлж, дарамталж засгийн газар тогтворгүй байдалтай байсаар ирсэн гашуун түүх бидэнд бий. Үүний нэг нотолгоо нь давхар дээл гэж бид хэт туйлширсан ч байж болох юм.Гэхдээ УИХ-д сууж буй шинэхэн гишүүдийг сайд болговол Засгийн газар дахиад л өмнөх шигээ замхраад, бүдгэрээд, жижгэрээд алга болно.
Ер нь гишүүд сайд байх нь салбарын бодлого, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэх хандлага ч бий болж байна. Дан давхар дээл гэхээсээ илүүгол нь эх орноо гэсэн сэтгэлтэй сайд байх нь л яг өнөөдөртэй үнэ цэнэтэй байна.
Үүнтэй холбоотойгоор “Дан, давхар дээл бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Монгол гэдэг баян орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Эх орноо гэсэн, тамирчид шиг сэтгэлтэй хүмүүс гараасай. Эх орны тухай телевизийн өмнө ярьдаг биш, эх орноо чин зүрхнээсээ хайрладаг хүмүүс гараасай гэж бодож байна” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн.
Шинэ Засгийн газарт тулгамдаж буй эдийн засгийн асуудлаар дэлхийн уур амьсгал, улс төрийн уур амьсгал, гадаад, дотоод зах зээл, урд хойд хөршүүдтэйгээ бид хэрхэн ойлголцож, зөв хуваарилалт хийж, дэмжлэг авч явах вэ гэдэг улс оронд чухал байна. Энэ бүхнийг тэнцвэртэй, мэдрэмжтэй авч явж чадах тийм эрч хүчтэй, чадвартай сайдууд байх хэрэгтэй.
Түүнчлэн шинэ Засгийн газар бодлогынх байх ёстой. “Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал 2030 он” гэж маш том баримт бичгийг улс төрийн намуудтай хамтарч баталсан. Үүнд нийцсэн бодлогыг шинэ Засгийн газар зайлшгүй хийх ёстой. Том бодлого байхгүй жижиг зүйлээр оролдож, улстөржөөд, бие биеэ үзэн ядаад байвал энэ Засгийн газрын хувь заяа өмнөх Засгийн газрын хувь заяатай ижил болно.
Эцэст нь дан дээлтэй, гишүүн бус сайдууд гарч ирээд за тэгээд дээр нь шинэхэн сонгогдсон нялхас нэмэгдчихвэл хөхөө өвлийн хүйтнээр засаг дахин огцорч ард түмнээ дааруулах биш хөлдөөх асуудал үүснэ л гэсэн үг.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ