У.Хүрэлсүх: Багш, эмч нарын цалинг 2019 оноос нэмнэ


УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10:59 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаар танилцуулгыг хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна. У.Хүрэлсүх нь улстөр судлаач эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр улс орны тулгамдсан олон асуудлыг шийдэхэд хамтдаа зүтгэж чадна гэдэгт итгэж байна" гэв.
Төрийн байгуулалтын байнгы хорооны дарга Н.Энхболд "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо есдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцсэн. У.Хүрэлсүх нь хуулийг ягштал мөрдөж ажиллахаа хэлсэн. Байнгын хорооны гишүүд түүнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хувийн сургуулийн хувьсах зардал 17 тэрбум төгрөг. Тэтгэвэрээс гарах бусад боломжуудыг ашиглаж багш нарын цалинг нэг сая гурван зуун мянгаар нэмэх боломжтой гэдгийг таньд хэлсэн. Дээр нь эмч нарын цалинг нэмэх боломжтой юу?
АН-ынхан дөрвөн яам нэмье гээд сонин юм ярьчихлаа. Яамдын тоог нэмэх дээр та санал нэг байгаа юм уу? Яамдын тоог багасгах талаар анхаарч байгаа юу?
Төсөв яагаад эргэн татагдчихав? төсвийг царцаах гацаах сонирхол байгаа юм биш биздээ. Ард түмэн бид яагаад ядуу байгаагаа ойлгохгүй байгаа" гэв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Багшийн зовлонг би маш сайн мэднэ. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багштай холбоогүй хүн гэж байхгүй байх. Багш, эмч нарын асуудалд анхаарах хэрэгтэй. Эдийн засагтайгаа уялдуулж багш, эмч гээд төрийн албан хаагч нарын цалинг 2019 оноос шат дараатайгаар нэмнэ.
Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ. Яамдуудын тоог нэмэхгүй хасахгүй. Нийгэмд сахилга хариуцлагыг тогтоох зайлшгүй шаардлага гарсан байна" гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ