М.Сономпилийг сонжих уу?


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь энэ сарын 6-ны өдөр нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хурааж, түүнийг яллагдагчаар татсан.
Сайд асан М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348 Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” хоёр жилийн дараа станцын барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн юм.
Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 27-нд болж байсан юм. М.Сономпилийг тус станцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан нэгжлэг хийж, яллагдагчаар татсан бололтой.
Түүнийг улс төрд орсон цагаас эхлэн томчуудыг тойрдоггүй “мөнгө идсэн уусан” гэх асуудлууд Батлан хамгаалахын сайдын албыг хаших үеэс эхлэлтэй гэдэг. Тэр үеэс л түүнтэй холбоотой элдэв асуудал шил шилээ даран гарах болсон.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрсэн бөгөөд үүнийг түүнтэй холбон тайлбарладаг. Үүгээр зогсохгүй БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн хэмээн тухайн үедээ шуугицгааж байсан.
Үүнээс гадна түүний сонирхдог хобби, албан тушаалын асуудалд ороход ч нөлөөлсөн гэдэг. Тэрбээр машинд нугасгүй нэгэн бөгөөд баячуудын нэгэн адил түүнд үнэтэй автомашин олон байдаг. Мөн машины уралдааныг мөнгө хайрлахгvй ивээн тэтгэж өөрөө хүртэл биеэрээ оролцдог гэдэг. Түүний энэ хобби хэрээс хэтэрч БХЯ-ны сайд байхдаа Онцгой байдлын газар ашиглагдаж байсан Хаммер жипийг өөрийнхөө яамны 37 машинаар сольсон гэх мэдээлэл ч байдаг юм. Ямартаа ч хэрэг хаашаа эргэхийг харж л сууя даа.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ