Охин үрээ хаана нуух вэ?

НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан. Сүүлийн үед хүүхэд тэрчлэн охидын эрх аймшигтайгаар зөрчигдөж байгааг олон жишээ, баримт харуулж буй.

Сүүлд гэхэд л наймдугаар сард13 настай, цэцэг цэврүү шиг жаахан охиныг шуналдаа автсан гаж донтнууд хүчирхийлж, амийг нь хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охин тэр өдөр ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гарахдаа хөрш айлынх нь хүү гэх 18 настай этгээдтэй таарснаар ийм эмгэнэлт байдлаар амиа алдах эхлэл тавигджээ. Тэр үед хөрш айлын залуу утсыг нь шүүрч зугтаасан бөгөөд охин түүнийг хөөж гүйгээд гэрээсээ нэлээд холдсон аж.

Алуурчин этгээд түүнээс зугтаж гүйсээр Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо "Очир төв” гэх зочид буудал руу дагуулан оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус буудалд тэднийг 5-6 залуус хүлээж байсан аж. Ийнхүү тэд хөөрхий охиноор гаж хүслээ хангасан байна.

Хамгийн жигшүүртэй нь тэд охиныг хүчирхийлээд зогсохгүй хэрцгийгээр зодож, нүүрийг нь танихын эцэсгүй болгож, хамрыг нь цөмлөсөн байжээ.

Энэ нийгэм юу болоод байна аа, эрх мэдэлтнүүд ээ. Хууль цааз гэгч зүйл Монголд үлдэв үү. Монголчууд 18 настай этгээдийг хүүхэд гэж дууддаг. Тэгвэл хүүхэд нь хүүхдээ алчихаад байна. Алах алахдаа зориуд гаж хүсэл, шуналаас болж тамлаж алчихаад байна.

Цэцэг цэврүү шиг, энхрий 13-хан настай балчирхан охины амийг авсан тэд одоо ямар ял авах вэ. Бас л 25 жил төрөөр тэжээлгэж байгаад гарч ирэх үү. Яг ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд одоо шоронгоос Өршөөлийн хуульд багтан гарч ирж буй. Хүн хүчирхийллийг хэзээ ч санаандгүй үйлддэггүй. Энэ бол хамгийн жигшүүртэй гэмт хэрэг.

2015 онд дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эх хоёрынхоо гарт амиа алдсан. Хүн дүрст тэр араатнууд хөөрхий охиныг зодсоор байгаад хөнөөсөн. Хөөрхий тэр охины биед эрүүл газар үлдээгүй байсан гэдэг. Энэ үед бүгд л охины эцэг, хойд эхийг буруутгаж байсан ч ийм адгийн амьтдад нялх үрээ даатгасан төрсөн ээжийнх нь амиа хичээсэн занг зүхэж байсан юм.

Тухайн үед болсон энэ хэрэг нийгэмд дохио болсон. Өөрөөр хэлбэл, балчир үрс маань нийгмийн болохгүй бүхнийг өөрсдийн амиараа илчилж, залруулах үүрэг өгчихөөд одсоор.

Иймэрхүү хүн дүрст араатнуудын хийсэн хэрэг үүгээр дуусахгүй. Ой зургаахан сартай охиныг хүчиндсэн, гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж зэрлэгээр амийг нь хөнөөсөн, найман настай охиныг сургуульдаа явах замд нь хүчирхийлж хүний санаанд багтамгүй зэрлэгээр хороон цүнхэнд хийж хаясан, гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчиндсэн гээд сэтгэл өвдөм, бичихэд гар эвлэмгүй бузар хэргүүдийг тоочиж барамгүй.

Ийм гаж донтнууд бидний дунд ийм олноороо амьдарч байхад тайван суугаад ажлаа хийж үл төвдөнө. Чангахан дуугарч, ширүүхэн харахаас ч хайрладаг эрх жаахан үрсэд эр бяраа гаргаж, адгуусан дур хүслээ хангасан хэрэгтнүүдийг хэдий болтол толгойг нь илсээр суух вэ.

Хүүхдийг эрхийг хамгаалахын тулд төрөөс шат дараатай арга хэмжээнүүд авч байгаа ч хэтэрхий удаан, хайнга, алдаа мадаг ихтэй бодлого хэрэгжүүлж байгааг ч анхааруулах ёстой байх. Засаг солигдож буй энэ үед ч хүүхдийг гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулмаар байна.

Бид хэн нэгэн хүн өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг зодож, хэл амаар доромжилж, дарамталж байвал өөрийн чадах тусламжийг үзүүлэх үгүй бол холбогдох байгууллага, цагдаа сэргийлэхэд мэдэгдэж суръя. Хүүхдүүддээ бага наснаас нь өөрийгөө хамгаалах аргыг зааж өгье.

Дээрээс нь эцэг, эхчүүд үр хүүхэд, нялх балчир охидоо нууж, хамгаал. Хуулийн ялаас айхгүй болсон адгуус, араатнууд хүний дүрээр олны дунд охид хүүхдийг тань шүлэнгэтэн харж байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ