"Ардын засаг Ардчилсан нам мандтугай" Гэтэл?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдоод долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Ийнхүү өчигдөр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах зарим сайдынхаа нэрийг бататгаж, өчигдөр танилцуулсан. Тухайлбал,

  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар,
  • Хууль зүйн сайдад Ц.Нямдорж,
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл,
  • Уул уурхайн сайдад Д.Сумъяабазар,
  • Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар,
  • БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа,
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар,
  • ХНХХ-ын сайдад С.Чинзориг,
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн,
  • Хөдөө аж ахуйн сайдад Б.Батзориг
  • Шадар сайд Ө.Энхтүвшин нар багтаж байгаа юм.
  • Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
  • Барилга хот байгуулалтын сайд Н.Цэрэнбат

Үнэндээ У.Хүрэлсүх МАН-ын бүлгээ хаяад муу нэртэй луу данстай Ардчилсан намын 8 гишүүний дэмжлэгтэйгээр Ардын засгийн Ерөнхий сайдаар томилогдсон. Гайхаж алмайрсан олон нийт бараг л “Ардын засаг Ардчилсан нам мандтугай” гэх гэтэл тэд эвлэрч сайд нараа томилж амжив. Овоодоо гэтэл Ардчилсан нам үндсэн чиг үүргийн таван яамдаас бусад давхар дээлтэй сайдуудыг дэмжихгүй гэлээ. Мэдээж МАН-ын хуваагдаад байгаа хоёр бүлэг тохирсон болохоор цөөнхийн дэмжлэгтэй, дэмжлэггүй сайд нараа томилох байх.

Гэхдээ Ардын засаг Ардчилсан нам мандтугай юм уу эсвэл Ардын засаг Ардын нам мандтугай юм уу. Энэ улс төрчдийн тоглоомын дүрэм ойлгогдохоо болилоо. Зүгээр л албан тушаал, эрх мэдлийн төлөө сайдаж, муудалцах нь хэрээс хэтэрлээ. Засаг бүрдүүлж байгаа энэ тоглоомонд хэн ямар суудалд очиж байна вэ биш харин энд ямар процесс явагдаж байна вэ гэдэгт байна. Улсаа ууж идэхийн тулд улайран зүтгэж буй энэ хүмүүсээс илүүтэй иргэд маань биднийг тохуурхан тоглож байгаа эдгээр хүмүүсийг, энэ тогтолцоог бүр хүлээн зөвшөөрчихсөн байгаа нь харамсалтай байна. Энд ямар ч ардчилсан тогтолцоо, шударга зүйл алга.

Үндсэндээ У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж ажилаа яаравчлахгүй бол Байнгын хороодын бүхий л хуралдаан завсарлаж, төрийн ажил гацаанд орчхоод байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ