Д.Хаянхярваа: Сайд нарыг чадвараар нь сонгосон


МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон бусад гишүүд бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар сайд нарт нэр дэвшиж буй 14 хүнийг 100 хувь дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал, АТГ-т сайд нарын мэдээллийг хүргүүлж байгаа юм байна. Хэрэв АТГ-аас хариу ирсэн тохиолдолд УИХ-д сайд нарыг өргөн барьж, өнөөдөр, маргаашдаа Засгийн газраа бүрдүүлнэ гэлээ. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Засгийн газрын сайд нарыг УИХ хэзээ томилох вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрч, АТГ-аас холбогдох бичиг ирсэн тохиолдолд өнөөдөр эсвэл маргааш хуралдаад, сайд нараа томилох бүрэн боломжтой байна.
-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу. МАН-ын бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэсэн үү?
-МАН-ын Удирдах зөвлөл дээр дэд сайдтай ажиллах эсэхийг эцэслээгүй байгаа. Ерөнхий сайдын зүгээс дэд сайд нартай ажиллана гэсэн чиглэл барьж байгаа.
-Засгийн газрын сайд нарыг 100 хувь “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаа нь Засгийн газар тогтвортой байх нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болох уу?
-Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт бид ямар нэг тодотгол өгөөгүй. Энэ бол Монгол Улсын Засгийн газар. МАН багагүй хугацаанд намын Бага хурал, бүлэг гээд тодорхой түвшинд Засгийн газар бүрдүүлэх асуудлыг нухацтай ярилцсан. Засгийн газрыг тогтвортой, хүчтэй байлгах талаас нь ярьж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд санал гаргаж, парламентаас бүрдүүлж, хүчтэй Засгийн газар байгуулах санал гаргасныг Удирдах зөвлөл болон бүлгийн гишүүд дэмжсэн.
-Сайдад нэр дэвшигчдийг сонгохдоо ямар шалгуур үзүүлэлтийг харж үзсэн бэ?
-Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нухацтай ярилцсан. Мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, салбараа бүрэн аваад явах чадвартай хүнийг сонгосон. Сонголтыг ажил мэргэжлийн онцлог, ажлын дадлага туршлага дээр тулгуурласан.
-Засгийн газрын бүтцийг асуудал цаашид ямар нэг байдлаар хөндөгдөхгүй гэсэн үг үү?
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй.
-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайд болж байгаа юм байна. Дэд даргыг томилох асуудлыг бүлэг ярьсан уу?
-Энэ асуудлаар ярилцаагүй. Засгийн газар томилогдож, өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа энэ асуудлыг ярина.
-Ерөнхий сайд томилогдсон өдөр Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин зарчим дээрээ тохирч чадахгүй байна гэж мэдээлэл хийж байсан. Өнөөдөр өөрөө Шадар сайдад нэр дэвшиж байгаа нь зарчим дээрээ тохирсон гэж ойлгож болох уу?
-Тухайн үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юу гэж ярьсныг би мэдэхгүй байна.
-Ардчилсан намын зүгээс “давхар дээл”-тэй сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Өмнө нь сөрөг хүчний оролцоотойгоор Ерөнхий сайдаа томилж байсан. Бусад сайд нараа томилоход бүлэг дотроо ойлголцож чадахгүй бол зарим сайд нар унах вий гэсэн болгоомжлол байна?
-“Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зүйл байхгүй. Тиймээс сайд нарын асуудал хууль зөрчсөн асуудалгүй. МАН-ын бүлгийн сайд нараа томилохдоо заримыг нь унагах вий гэх асуудал үүсэхгүй. Ер нь бол МАН улстөрийн том хүчин учраас дотооддоо учир зүйгээ олно. Цаашид ажил хийгээд явахад ямар нэгэн зөрчил үүсэхгүй. Мэдээж, ажил үүргийн хувьд буруу зөрүүг нь шүүмжлэх, алдаа оноог нь засах зүйл МАН дотор байна. Цаашид хагараад, бутраад, хоёр талд гарч суугаад байна гэсэн ойлголт байхгүй. Улс эх орныхоо эрх ашгийн төлөө тууштэй, нэгдэж ажиллана.
-Ерөнхий сайд шинээр ажиллах сайдууд давхар цалин авахгүй гэсэн. Шинэ сайд нар сайдынхаа цалингаас татгалзаж байгаа учраас нэр дэвшиж байна гэж ойлгож болох уу?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд аль нэг цалинг нь авдаг байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. УИХ-ын гишүүн эсвэл сайдынхаа цалинг авдаг жишгээр явна.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналыг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан. Энэ асуудал дээр бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдах байсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан. Дэмжих эсэхийг байнгын хороо, УИХ шийдвэрлэнэ.
Засгийн газрын шинэ сайд нар
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
- Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
- Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
- Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ