"Харанга дэлдлээ хүүхнүүд ээ" Хөхөө хайрлая!

Өнөөдөр дэлхийн хөхний хорт хавдрын эсрэг өдөр тохиож байна. АНУ-ийн хорт хавдар судлалын нийгэмлэгийн судалгаанд 2030 он гэхэд дэлхий даяар хорт хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоо жилд 5.5 сая хүрэх төлөвтэй байгааг дурджээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж багатай Зимбабве, Малави, Кени, Монгол, Папуа Шинэ Гвинейд нас баралтын хувь өндөр байсан байна.
Тэгвэл хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хөхний хорт хавдраар өвчилсөн хүн бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь хавдар аль шатандаа оношлогдохоос ихээхэн хамаардаг аж.
Манай улсын хувьд хөхний хорт хавдараар өвчилсөн эмэгтэйчүүд Хавдар судлалын төвд эмчлүүлдэг.
Хөл гишгих зайгүй бужигналдах эмнэлгийн хүлээлгийн танхимд хаана, хэнд хандахаа үл мэдэн самгардах түгшсэн царайтай хүмүүс олон. Энэ дүр зураг томоохон эмнэлгүүдийн хүлээлгийн танхимд ажиглагдаж байдаг.
Харин ХСҮТ-д өөр нэг анхаарал татсан зураглал харагдах нь үе үе явж өнгөрөх үсээ хусуулсан эмэгтэйчүүд. Хорт хавдрын хагалгааны дараа ямар төрлийн хавдраас шалтгаалаад олон удаагийн давтамжтай химийн эмчилгээ хийлгэдэг. Химийн тариа дуслуудыг хийсний дараа хүний үс, сормуус, хөмсөг гээд бүх хэсгийн үс унаж, арьс нимгэрдэг байна.
Хөхний хавдраар оношлогдож эмчилгээ хийлгэж буй Болор /нэрийг өөрчлөв/-той уулзав. Тэрбээр 38 настай бөгөөд одоогоос жил гаруй өмнө хөхний хорт хавдартай гэдгээ мэдэж тухайн үед гуравдугаар шат руу тун дөхсөн байжээ.
Болор “Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх тэр дундаа хавдрын эмнэлэгт үзүүлэх гэдэг их дарамттай. Шинжилгээний хариугаа бариад эмчид үзүүлэх гээд дугаарлаж байхад ямар их юм бодогддог гээч. Би зүгээр дээ гэж хүчээр боддог ч айдас байсаар байдаг. Хүсэн хүлээсэн “Та зүгээр, эрүүл байна” гэсэн хариулт үнэхээр сайхан сонсогдсон.
Гэтэл хэдхэн сарын дараа хавдартай болчихсон, хожуу шат руу шилжих гэж байна гэдгийг сонсоод өөртөө итгэдэггүй юм байна лээ. Бараг сар орчим тийм үл итгэсэн байдалтай байсан. Энд тэнд хувийн эмнэлгүүдэд үзүүлнэ, өндөр үнэтэй шинжилгээнүүд өгнө, эцэстээ эвлэрнэ. Ингээд эх хүн, эхнэр хүн болохоор гэр бүлийнхэндээ хэдэн жил харагдаж байя. Хагалгаа хийлгэе, эрүүл больё гэж шийдсэн” гэв.
2015 оны статистик мэдээллээс харахад хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдруудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 1802 эмэгтэй хорт хавдрын улмаас нас барсны 64 нь буюу 3.6 хувь нь хөхний хорт хавдраар өвчилсөн байжээ.
Нас ахих тусам хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгддэг аж. Эмэгтэйчүүдийн хувьд 40-өөс дээш насанд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал өндөртэй бөгөөд оргил үе нь 65-69 нас юм байна. Гэтэл жирэмсэлж, хүүхэд төрүүлж байгаагүй 20 настай эмэгтэй хорт хавдар туссан тохиолдол байдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Энэ нь ховор тохиолдолхэдий ч залуу бүсгүйчүүд ч хорт хавдар тусч болох аж.
ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС
- Удамшлын хүчин зүйл /Хэдийгээр хортой хавдар удамшлын өвчин биш боловч удамших хандлагатай гэж үздэг. Гэр бүлийнхэн хамаатан садан нь хөхний хавдраар өвчилж байсан бол тухайн хүн хөхний хавдраар өвчлөх магадлалтай/
- Нөхөн үржихүйн өөрчлөлттэй холбоотой хүчин зүйлүүд /Сарын тэмдэг хэт эрт эсвэл орой ирэх, жирэмснээс хамгаалах эмийг замбараагүй удаан хугацаагаар хэрэглэх, жирэмслэлтийг таслуулах, хожуу төрөх эсвэл огт төрөхгүй байх, хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх гэх мэт нь нөлөөлдөг. Ер нь байгалийн зүй тогтлоос холдоод байх тусам хөхний хавдраар өвдөх магадлал нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд, хүүхдээ хөхөөрөө хоолловол магадлал багасч, үүнээс гажих тусам эрсдэл нэмэгддэг/
- Хорт зуршилтай холбоотой хүчин зүйл /Нөгөө л архи, тамхи хэрэглэх хорт зуршлууд нь хөхний хорт хавдар үүсэхэд шууд нөлөөтэй хүчин зүйл/
- Амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйл /Хөдөлгөөн багатай, идэвхгүй, илүүдэл жинтэй хүмүүст илүү нөлөөлдөг. Мөн шөнө байнга нойргүй хонодог, нойрны дэглэм алдагддаг хүмүүс хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй/
- Хөхөнд үүссэн өөр өвчлөлүүд болон хоргүй хавдар удаан хугацаагаар эмчлэгдэхгүй явбал хортой хавдар үүсэх эрсдэлтэй.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ