13 мянган өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цахилгааныг ирэх сарын 1-ний өдрөөс хөнгөлнө. Шөнийн цахилгаан хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж. Ингэснээр гэр хорооллын 160 гаруй мянган айл халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 50-100 хувь хүртэл хөнгөлүүлэх боломжтой бөгөөд ойролцоогоор есөн тэрбум гаруй төгрөг зарцуулах урьдчилсан тооцоог албаныхан гаргаад байна.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цэнгэлмаагаас тодруулахад “Нийслэлийн гэр хорооллын 146 мянган өрх бүгд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн хэрэглэгч гэж ойлгож болохгүй. Манай компани нийслэлийн есөн дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.

Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрөгч аравдугаар сарын 1-ний өдрийн судалгаагаар цахилгааны шөнийн 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 130580 айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ