Шүүх эмнэлгийнхэнд зүрх сэтгэл "хайрлаач"

Таван настай бяцхан охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэгтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээнй үндэсний хүрээлэн олон нийтийн хэл амны бай болоод буй. Учир нь охиныг нагац эгч нь хохирогч болохыг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан бөгөөд жижүүр эмч нь шинжилгээний 10 мянган төгрөг нэхэмжилжээ. Шинжилгээний 10 мянган төгрөг төлөх боломжгүй байсан тэдэнд н.Золбоотгэх залуу тусалж, төлбөрийг нь төлснөөр охиноос шинжилгээ авсан аж.

Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга “Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан тушаалын дагуу төлбөрөө авч үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг.

Хэргийг бүртгэж авсан мөрдөн байцаагч нь өөрөө ирээд учир байдлаа хэлээд явсан бол төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголцол гарсан юм билээ. Яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй.

Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. Охиноос шинжилгээ авч байгаа бөгөөд энэ долоо хоногт хариу нь гарна” гэж тайлбарласан.

Тэгэхээр гурван сайдын хамтарсан тушаалын 3.4-д Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно гэж заажээ.

Шүүхийн шинжилгээнд ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн, зодуулсан, бэртсэн, шөнө дөлөөр, өдрийн цагаар байсан ч хэцүү, цус нөжөө гоожуулсан гэнэтийн байдалтай хүмүүс очдог. Тэд ШШҮХ-д очихоосоо өмнө хороогоороо орж тодорхойлолт заавал аваад очих ёстой болж таарах нь. Угтаа 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоог төрөөс 100 хувь даана гэсэн хуультай. Гэвч хуулийг давж гарсан гурван сайдын тушаал таван настай охины амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэмжээний байсан нь харамсалтай.

Ер нь энэ төрийн байгууллагад ажиллагсад хүнлэг бус, сэтгэл байсан ч тэр нь хөрчихсөн хүмүүсээр дүүрчихэж. Тулгамдаад хүнд байдалд орсон хүн очиход өмнөөс нь мөнгө, бичиг баримт шаардаад суух хэмжээний ёс зүйтэй хүн л шүүх эмнэлэгт ажиллаж байна. Бурхан минь манай шүүх эмнэлгийнхэнд зүрх сэтгэл хайрлаач.

Цагдаагийн байгууллага нь хүртэл 15 настай хүчиндүүлсэн охин байцаалт өгөхөөр хүлээлгийн танхимд олон хүмүүстэй зэрэгцээд сууж байхад мөрдөн байцаагч нь “хөөе хүчиндүүлдэг охин нааш ир” гэж дуудах... Хохирогчтэй хэрхэн харьцах, түүний сэтгэл зүйн талаарх анхан шатны ойлголтгүй байна. Мөн хохирогч хүүхдээс хэрхэн, хаана, яаж байцаалт авах тухай хуулийн суурь зарчим манай улсад хангагдсан ч хэрэгждэггүй. Хэдийг хүртэл энэ байдал үргэлжлэх вэ? Төр засаг нь энэ асуудлууд дээр чихээ таглаж, дүлий дүмбэ царайлж суумааргүй байна. Ядаж иргэдээ, олон түмнээ гэх хичээл зүтгэл, сэтгэл жаахан ч атугай байдаггүй юм гэж үү..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ