Н.Учрал: Нүхэн жорлон барих газаргүй хороод их байна


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбатыг томилох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Гишүүд түүнд санал хэлж, асуулт асууж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Ногоон байгууламжийн асуудлыг ярихгүй болохоор орхигдоод байна. Олон жил ярьсан Ногоон байгууламжийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Сайдын зүгээс энэ асуудлыг оруулж чадах уу. Улаанбаатар хот шавар байшингийн үзэсгэлэн шиг юм боллоо. Нүхэн жорлон барих газаргүй болчихсон хороод их байна. Тиймээс сайд зориг гаргаад стандартаа нэвтрүүлж, хогийн цэгийг нь хүртэл авчихсан байгаа газруудад төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Замын-Үүдээс Эрээн рүү ороход тэнгэр газар шиг өөр байгаа. Энэ бол ирээдүйгээ, хүүхдүүддээ боддог төрийн бодлогын асуудал” гэв.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Байгаль орчны сайд бол салбар дундын асуудлыг шийддэг. Уур амьсгалын өөрчлөлт Монголд тусгалаа олчихоод байна. Наад зах нь ган зуд, цөлжилт маш их хэмжээгээр бий болж, биологийн төрөл зүйл болон усны нөөцийн өөрчлөлтүүд асуудал болж байна. Энэ асуудал дээр ямар бодолтой байгаа вэ.
Мөн агаарын бохирдлын асуудал байна. Өвөл болохоор л агаарын бохирдлын асуудлыг ярьдаг. 200 тэрбум төгрөг зөвхөн утаагүй зуух, шахмал түлшинд зарцуулагдсан байна. Дараагийн асуудал болох хөрсний бохирдлын тал дээр ямар байр суурьтай байна вэ. Гуравдугаарт байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн тухай хууль, дүрэм журмын хэрэгжилт дээр ямар анхаарал тавих вэ” гэв.
Нэр дэвшигч Н.Цэрэнбат “Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн.
Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм.
Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах. Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бид бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны тусламжтайгаар 1,500 айлын ариун цэврийн байгууламжийг солих төсөл хэрэгжиж байгаа гэдгийг хэлье” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ