Д.Цогтбаатар: Бодит харилцаагүй байсан Элчин сайдын яамыг хаасан

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Одоо Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн тулд огт эдийн засгийн харьцаагүй консул, Элчин сайдын яамдууд хэд байгааг хэлнэ үү. Эсрэгээрээ нээх бололцоотой ямар улсуудын Элчин сайдын яам, консулын газар байна вэ.

Элчин сайдын яамдуудыг орчин үеийн шаардлагаар, эдийн засгийн харьцаагаар нь эрэмбэлэх ёстой. Орон тоог нь ч тэр хэмжээгээр багасгах, ихэсгэх шаардлагатай гэж бодож байна. Үзэсгэлэн худалдаанд явж буй жижиг дунд үйлдвэрлэгчдээ тусалж буй консулын газар алга.

Мөн Монгол Улсаас гарч байгаа ХАА-ын бүтээгдэхүүн ОХУ-ын нутгаар дайрч өнгөрч чадахгүй байгаа. Энэ талаар мэдээлэл байна уу" гэв.

Нэр дэвшигч Д.Цогтбаатар "Ямар өнцгөөс харахаасаа шалтгаална. Би өөрөө гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийг боловсруулаад явж байсан хүн. Зоосны нүхээр харах юм бол асуудал бий.

Гэхдээ гадаад бодлого гэдэг бол зөвхөн эдийн засгийн өнцгөөс харах асуудал биш. Аливаа улсын нэр хүндийг энэ танхимд тэд биднийг хүндэтгэдэг шиг хүндэтгэдэг байх ёстой. Бодит харилцаа байхгүй байсан хэд хэдэн Элчин сайдын яам, консулын газруудыг хаасан.

Хоёрдугаарт Монгол Улсын бүтээгдэхүүн транзитаар гарахгүй байгаа гэдэг маш зөв асуудал. Энэ дээр хоёр талд ярих юм бий. Хүнсний бүтээгдэхүүн дээр эрүүл ахуйн асуудал бий. Манай улс эрсдэлтэй бүс нутагт хамрагдчихдаг. Тэгэхээр бид боловсруулалтаа илүү сайжруулж зах зээлд гарах ёстой" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ