Бяртай засаг ба "боодогны чулуу" шиг халуун үгс


УИХ-ын нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10:00 цагт эхэлж сайд нарын томилох асуудлыг үдэш 22:30 хүртэл хэлэлцлээ. Ийнхүү Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг нарыг томиллоо.
Ардын гэх тодотголтой шинэ Засгийн газар "Бяртай засаг" болно гэж буй. Учир нь анх ардын засаг гэж тодотголтой гарч ирж магадгүй байсан Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон удаа "Бяртай засаг" байгаасай гэж хүсч байна гэж хэлсэнтэй үүдээд ийнхүү хэлж эхэлсэн. Тэрээр 100 хувь давхар дээлтэй сайд нар томилсноо инйхүү зөвтгөж байгаа аж.
Хурлын уур амьсгал ерөнхийдөө “халуухан” болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр зарим гишүүдийн үгс боодогны чулуу шиг халуун сонсогдлоо. Тухайлбал,
Т.Аюурсайхан: Ө.Энхтүвшинг би дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ бол та. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та "надад шинэ засгаас долоох юм алга" гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа "Нөхцөл байдал өөр болсон" гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.Ж.Мөнхбат тэргүүтэй концессын гэрээг цуцлах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр өнөөдөр дэндүү их улс төржлөө.
Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газрын амлалт тоогоо ч алдлаа, утгаа ч алдлаа. Өмнөх ЗГ-ыг огцруулж байхад бусдыгаа сайд болохгүй шүү хэмээн сануулж байсан хоёр гишүүн нь өнөөдөр сайд болохоор манлайлж орж ирж байна. Бид У.Хүрэлсүхтэй бодлогын Засгийн газрын талаар их сайхан зүйл ярьцгаасан. Гэтэл та өнөөдөр бодлогын бус тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Хаана байна тэр шударга шалгуур чинь. Хамгийн сүүлд боловсролын яаманд нэг жилийн хугацаанд гурван сайд солигдлоо. Багш нарын цалинг заавал нэмэх ёстой шүү.
У.Хүрэлсүх: Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Та бид адилхан үр хүүхдүүдтэй улс. Тиймээс засгийн газар бүрэлдэж дуусмагц эхний хуралдаанаар өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Давхар иргэншилтэй байж болох сайдын нэрийг би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлчихсэн байгаа. Тэд шалгаж тогтоогоод давхар иргэншилтэй хүн байвал төрөө цэвэрлэх хэрэгтэй. Харин надаас энэ хүн хэн бэ гэдгийг битгий асуугаад бай. Би энэ хүний нэрийг хэлчихвэл мөрдөн шалгах ажилд саад болсон хэрэгт буруутгагдана.
Ц.Нямдорж: Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүх зарчим алдагдсан. Нууц гэдгээр 25 жилээр энэ хэргийг хааж байна. Би үүнийг ил болгоно. Захиалагчаа зарла гэж шууд шаардана. Миний өмнө нь ярьж байсан болон одоо ярьж байгаа бүгд баримттай шүү. Хоёрдугаарт бүх шинэ хуулийн хэрэгжилтийг судалж үзнэ. Монголын хууль Монголын нөхцөлд л таарч байх ёстой. Үнэхээр таараагүй хууль байвал засч залруулна.60 тэрбумын асуудлуудыг нэг тийшээ болгоно. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг 100 хоног дотор цэгцэлнэ. Энэ танхимд байгаа хүмүүст шулуухан хэлчихье. Одоо хулгай хийхээ зогсоо. Би хатуухан хэлчихье. Үүнээс хойш өршөөхгүй шүү. Монголд би шударга ёсыг тогтооно.
Ж.Батзандан: Өнгөрсөн онд бид батлан хамгаалах салбарын цогц хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаарай. Сүүлийн жил алба хааж байсан цэргүүд амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд шинэ сайд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. ЕХ-ны шүүхээр амь насаа алдсаны нөхөн олговрыг өгөх ёстой. Батлан хамгаалахын салбарын хөрөнгө мөнгөний асуудлыг ярих цаг болсон.
Ж.Мөнхбат: Бяртай засаг, бяртай сайд байна гэдэг бол бодлого нь бяртай байхыг хэлнэ. Д.Цогтбаатар сайдад итгэж байна. Оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй. Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой шүү.
Ч.Хүрэлбаатар: Оюутолгойн гэрээг байгуулах үед би Засгийн газрын гишүүн байгаагүй юм. Гэрээнд С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар гарын үсэг зурж оруулж ирсэн. Би М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад Оюутолгойн гэрээг боловсруулж байсан. Би өөрийнхөө гэрээг ямрыг мэдэх учраас тэр гэрээг батлахад би оролцоогүй гэлээ.
Ийнхүү сайдад нэр дэвшигчдийг чуулганы хуралдаанаар 80-100 хувийн саналаар дэмжсэнээр хурал өндөрлөлөө. Харин өнөөдөр чуулган 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж үлдсэн долоон сайдын томилгоог хэлэлцэх юм.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ