Н.Цэрэнбат сайд Цэвэрлэх байгууламжаас ажлаа эхлэх үү?

Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ноос ноолуур угаах, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, машин угаалгын газар, архи болон спиртний үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усаа төвлөрсөн шугаманд нийлүүлснээс болж ачаалал нэмэгддэг аж.
“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан болов ч журам нь одоог хүртэл гараагүйгээс дээрх бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй явсаар иржээ. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Энэ асуудал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч ажиллаж байгаа. Журам маань энэ ондоо багтааж 11 дүгээр сар гэхэд батлагдчих болов уу гэж бодож байна” гэлээ.
Уг журамд машин угаалгын газар, арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг бохирдуулагч үйлдвэрүүдэд тавих шаардлагыг нарийвчлан зааж өгсөн байх аж.
Төв цэвэрлэх байгууламжид техник технологийн шинэчлэл хийгддэг гэвч жил өнгөрөх тусам ачаалллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдож болзошгүй болжээ. Учир нь өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа аж. Мөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрлэжээ.
Харин шинэ цэвэрлэх байгууламжийн концессын гэрээ байгуулах ажил зогсчээ. Уг нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр консерциумтай хэлэлцээрт орж концессын гэрээ байгуулахыг Засгийн газраас үүрэг болгосон. Тухайн хоёр консерциумтай хоёр удаа хэлэлцээр хийсэн ч аль аль нь концессын асуудал дээр боломжгүй болсноо илэрхийлсэн байна.
Мэргэжилтний хэлснээр “Концессын гэрээ байгуулах сүүлчийн хэлэлцүүлэг тариф дээр гацсан. Өнөөдрийн байгаа тарифын ихэнхийг төр нуруундаа үүрч яваа. Тэгэхээр нөгөө талаас хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө гэхээр бид бохир ус цэвэрлэснийхээ тарифыг өсгөнө гэсэн үг.Үүнээс болж хэрэглэгчийн төлөх мөнгө нэмэгдэнэ.Иймхүндрэл тулгараад байгаа учраас хэд хэдэн хэлэлцээр зөвшилцөлд хүрэлгүй зогссон” гэлээ.
Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамаарна. Уг байгууламжийн техник, технологийг сайжууралахгүйгээр бид хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Одоо шинэ Засгийн газар ч бүрдлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Цэрэнбат цэвэрлэх байгууламжаас ажлаа эхэлвэл олон түмний магнай тэнийнэ дээ.
Цаашдаа бид цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих тал дээр дорвитой арга хэмжээг зайлшгүй авах нь чухал байна. Үүний тулд богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй.Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгөө шийдвэрлэх боломжтой юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ