АН У.Хүрэлсүхийг дэмжээгүй, Хүрэлсүх ч тэдэнд итгээгүй

Ардын ч гэнэ үү, бяртай ч гэнэ үү ямар ч байсан Засагтай болоод авлаа. УИХ бүтэн хоёр өдөр шөнөгүй хуралдаж захиа даалгавраа өгч байж сая сайдуудаа томиллоо. Зарим гишүүд хэлд орж, зарим нь PR-аа хийж амжсан энэ Их хурлаас томилогдсон засаг олны итгэл найдварыг тээсэн галт тэрэг болж хөдөллөө.

Эргээд бодоход энэ Засгийн тэргүүн У.Хүрэлсүхийг Ардчилсан нам эхнээсээ дэмжээгүй нь ойлгогдож байна. Учир нь тэд МАН-ын 33 ба 32-ийн бүлгийн хагарал дунд Ерөнхий сайдыг дэмжсэн дүр үзүүлэвч давхар дээлтэй сайд нарыг хүлээж авахгүй, үндсэн чиг үүргээс бусдыг нь дэмжихгүй гэдгээ мэдэгдсэнээр илэрч байна.Энэ нь нэг талаас зарчмын санал мөн ч нөгөө талаас яах аргагүй улс төрийн тоглолт мөн.

Тэд энэ Засгийг давхар дээлтнүүдээс бүрдүүлнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Түүнчлэн УИХ-ын гадна байгаа Ерөнхий сайд ийм сонголтыг хийнэ гэдгийг ч мэдэж байсан.

Ерөнхий сайдч ялгаагүй Ардчилсан намд итгээгүй байж таарна. Өөрөөр хэлбэл зүгээр л тэдний дэмжлэгийг авч томилогдоод авах нь л чухал байлаа. Энэ нь МАН доторх эсрэг бүлэгт хүчтэй цохилт болно гэдгийг тэрээр сайтар харжээ.

Ийнхүү үүнийхээ хүчинд эвлэрэл нэртэй тохиролцоог өөртөө ашигтайгаар эргүүлж, өөрийн олон сайдуудыг томилж амжлаа. Хэрэв тэрээр Ардчилсан намын дэмжлэг авч тоглоогүй бол өөрөө ч томилогдож чадалгүй, эсрэг бүлэгтэйгээ тохиролцсон бол сайдын харьцаа 50,50 хувь байх байсан биз ээ.

Харин энэ удаагийн улс төрийн тоглолтыг хэн хэн удирдсан юм бол? Ямартай ч Монголчуудынхаа итгэл найдварыг тээсэн галт тэрэг хөдөлчихлөө.

М.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ