Аялагчдыг эрэн хайх ажиллагаа эхлэв


Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийгээд бууж явсан 27 иргэний 19 нь ор сураггүй алга болсон тул Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнөөдөр /2017.10.23/ гэгээ хаяарч эхэлмэгц эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин н.Сүрэнжаваар ахлуулсан аялагчид аравдугаар сарын 21-ний 16.00 цагаас холбоо тасарч, сураггүй болсон тухай мэдээллийг аюулгүй буусан авирагчид Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчид хэлж, улмаар аймгийн Онцгой байдлын албанаас тусламж хүссэн байдаг.
Гэвч олдоогүй тул өчигдөр 14.40 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрийн утсанд уг ослын дуудлага ирж, тусгай баг нисдэг тэргээр Отгонтэнгэр хайрханыг зорин ниссэн юм.
Эрлийн ажиллагааг эхлүүлэх болоход оройтсон тул өнөөдөр үүрээр эрлийн ажиллагааг эхлүүлэхээр болсон билээ. Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газраас н.Мандахгэрэл даргаар ахлуулсан эмч, аврагчдын баг багтаж байна. Тэдний дотор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрвөн эмч, онцгой байдлын аврагч эмч болоод алга болсон иргэдийг дроноор хайхаар мэргэжлийн хүмүүс багтаж буй юм.
Мөн Завхан аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Ариунбуянаар ахлуулсан 10 аврагч ажиллаж байна.
Эрлийн ажиллагаатай холбоотой мэдээллийг өнөөдөр 09.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад албаны хүмүүс хийхээр төлөвлөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ